Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Германаас 12,000 цэрэг гаргах шийдвэрээ АНУ зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Герман улсад байрлаж буй цэргийхээ тоог 12,000-аар цөөлөх шийдвэрийг өчигдөр Пентагоны тэргүүн Марк Эспер танилцуулжээ.

Тэдгээрийн 6,400 нь АНУ-д буцаж ирэх бол 5,600 нь Бельги, Итали зэрэг NATO-гийн бусад гишүүн орнуудад шилжин байрлахаар болсон байна.

Цэрэг гаргах ажиллагаа сар хүрэхгүй хугацааны дотор хэрэгжих ба үүнд олон тэрбумын зардал гаргаж байгаагаа Эспер мэдэгджээ.

Тэрбээр цэрэг гаргах шийдвэр нь урт хугацаанд төлөвлөгдсөн ажил бөгөөд ерөнхийлөгч Трампын Германы канцлерьтай харилцах харилцаанаас болоогүй гэдгийг дахин дахин тайлбарласан байна.

Германаас цэргээ гаргаснаар NATO-гийн хүчин чадал нэмэгдэж, Оросын түрэмгийллээс Европыг хамгаалах чадвар нь сайжирна гэж тэр мэдэгджээ.

Эсперийн мэдэгдлээс хэдхэн минутын дараа Дональд Трамп сэтгүүлчидтэй Цагаан ордонд уулзахдаа Германаас цэргээ гаргаж байгаа нь Берлиний эрх баригчид хамтын батлан хамгаалах үйлсэд хангалттай мөнгө төлөхгүй байгаатай холбоотой гэж мэдэгдсэн байна.

“Америкийн цэргүүд Германыг хамгаалахын тулд л тэнд байгаа. Гэвч Герман улс үүний төлөө мөнгө төлөхгүй байна. Бид цаашдаа үүнийг тэвчихгүй. АНУ 25 жилийн турш тэдэнд худалдаа болон батлан хамгаалахын салбарт давуу тал олгосон. Тиймээс бид цэргээ гаргаж байна” гэж Трамп мэдэгджээ.

Гэхдээ Трамп өөртэй нь санаа нийлдэггүй канцлерь Ангела Меркелийг шийтгэхийн тулд ийм алхам хийлээ гэж ажиглагчид үзэж байна. Түүний цэрэг гаргаж байгаагаа зөвтгөх тайлбар нь үндэслэл муутай юм.

Үнэндээ NATO-гийн Европ дахь гишүүн орнууд 2024 он гэхэд үндэсний нийт бүтээгдэхүүнийхээ 2 хувьтай тэнцэх мөнгийг хамтын батлан хамгаалах үйлсэд зарцуулдаг болно гэж 2014 онд тохиролцсон байдаг.

Герман улс одоогоор 1.5 хувийг NATO-д төлдөг юм. Гэтэл Германаас гаргаж буй цэргүүдийн тал нь шилжин байрлах Бельги улс 1 хүрэхгүй хувиа зарцуулдаг бол Итали улс 1.2 хувийг төлдөг ажээ.

Цагаан ордонд алба хашиж байсан нэг эх сурвалж энэ талаар “Герман улс олон салбарт АНУ-аас ашиг олж байна гэсэн бодолдоо Трамп хэт автаад байна. Тухайлбал Герман улс АНУ-д хэт олон автомашин зардаг гэж тэр боддог. Тэр үргэлж Меркелтэй зөрчилдөж, бүдүүлэг харьцдаг байсан” гэж ярьжээ.

Үүнээс гадна цэргээ гаргах шийдвэр нь NATO-д Германаас ч бага мөнгө төлдөг бусад Европын гишүүн орнуудад дарамт болж, эцэстээ Транс Атлантын эвслийн нэгдэл нягтралд эрсдэл учруулж болзошгүйг Брүүклиний хүрээлэнгийн Америк-Европын төвийн судлаач Констанц Стелзенмюллер хэлж байна.

 

Эх сурвалж: The Guardian