Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэмтэд 100 сая жил унтсан микробуудыг далайн ёроолоос гаргаж, амилуулжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Японы хэсэг эрдэмтэд 100 сая жилийн турш далайн ёроолд ичээний горимд байсан нянгуудыг амилуулснаа зарлажээ.

Нянгууд нь Номхон далайн өмнөд хэсгийн ёроолд агуулагдаж байсан гэнэ. Энэхүү ёроолд хүнс тэжээл болох зүйл байхгүй ч хүчилтөрөгч хангалттай байсан нь нянгуудад амьд үлдэх боломж олгожээ.

Манай дэлхийн хамгийн энгийн бүтэцтэй организм болох нян нь илүү боловсронгуй хөгжилтэй амьтдын тэсвэрлэх боломжгүй хатуу орчин нөхцөлд амьд үлдэж чаддаг.

Далайн ёроолоос гаргасан нянгуудыг хэсэг хугацаанд инкубаторт байлгасны дараа амь орж, хүнс тэжээл авч, үржиж эхэлсэн байна.

Японы Далай-Дэлхийн Шинжлэх Ухаан, Технологийн агентлаг энэхүү судалгааг гүйцэтгэж, үр дүнг нь Nature Coommunications сэтгүүлд нийтлүүлжээ.

“Далайн ёроолын биосферт насны хязгаар байдаггүйг бид олж мэдлээ” гэж судалгааг ахалсан профессор Юки Мороно ярьсан байна.

“Бидний өрөмдсөн хамгийн эртний ёроолын хөрсний хэсэгт амьд организм байгааг илрүүллээ. Тэнд хэдийгээр шим тэжээлийн бодис маш багатай ч илэрсэн нянгууд сэрж, өсөж, үржиж байгааг бид харлаа” гэж судалгаанд оролцсон АНУ-ын Род Айлэндийн их сургуулийн профессор Стивен Де Хондт ярьжээ.

 

Эх сурвалж: BBC