Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Малайзын ерөнхий сайд асан эхний шүүх хурлаасаа 12 жилийн хорих ял сонслоо

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Олон тэрбумын авлига, мөнгө угаалт, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэрэгт холбогдсон Малайзын ерөнхий сайд асны эхний шүүх хурал өчигдөр болж, түүнд 12 жил шоронд хорих ял оноожээ.

Малайз улсыг тусгаар тогтнолоо олсон цагаас хойш 61 жил удирдсан эрх баригч нам 2018 оны сонгуульд ялагдсанаар ерөнхий сайд асан Нажиб Разакын хэргүүд ил болсон юм.

Тэрбээр 2009-өөс 2018 оны хооронд ерөнхий сайдаар ажиллахдаа 1MDB баялгийн санг байгуулж байв. Сонгуулийн дараа энэ сангаас $4.5 тэрбумын хөрөнгө алдагдсан нь ил болсон юм.

Өчигдөр шүүх Нажиб Разакын албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэрэгт 12 жил, итгэл эвдсэн, мөнгө угаасан зургаан хэрэгт нь тус бүр 10 жилийн хорих ял оноожээ.

Дээрх ялуудыг давхцуулан эдлүүлэх тул Нажиб нийт 12 жил шоронд хоригдохоор болж байна. Тэрбээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаар болжээ.

Өчигдрийн шүүх хурал баялгийн сангаас ерөнхий сайдын хувийн дансанд шилжсэн $10 саятай холбоотой хэргийг шүүсэн байна.

 Нажибын өмгөөлөгчдийн баг энэ мөнгийг төрийн сангаас аваагүй, Саудын Арабын язгууртан хандивласан гэж тайлбарлаж байв.

1MDB сангаас алдагдсан нийт $4.5 тэрбумын хөрөнгийн мөрөөр Малайз, АНУ-ын хуулийн байгууллагууд ажиллаж байгаа.

Өчигдрийн шүүх хурал Нажиб Разакын эхний хурал бөгөөд үүнээс том хэргүүдийг нь дараа дараагийн хурлуудаар шүүнэ гэсэн хүлээлттэй байна.

 

Эх сурвалж: BBC