Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Чинзориг: JET бүрэн дунд сургуулийн ахлах ангийн хөтөлбөр бол бидний 25 жилийн хөдөлмөрийн үр шим юм

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 7 сарын 28
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын олон мянган залуусын хүсэл зоригийг эрдмийн зүг бадрааж, даль жигүүрийг ургуулсан нэгэн эрхэмтэй ярилцахаар JET бүрэн дунд сургуулийг зорилоо.

Хүн болгон ганзагын наймаанд явж байсан цагт Монгол залуус гадаад далайг зорьж сайн сайхан ирээдүйг бүтээхээр эрдэм мэдлэгт тэмүүлж, дэлхийн иргэн болох цаг үеийн эхлэлийг тавьсан эрхэм бол тэртээ 25 жилийн өмнө JET англи хэлний сургуулийг үүсгэн байгуулагч Ц.Чинзориг багш билээ.

JETийнх гэх энэ хамт олон 25 жил “Нэрсэн” туршлага, мэдлэг дээрээ үндэслэн өнгөрсөн онд JET бүрэн дунд сургуулийг байгуулсан бол энэ жилээс гадаадын их дээд сургуульд сурагчдыг бэлдэх “Jet Pathway College” ахлах ангийн цогц хөтөлбөрийг нэвтрүүлэх төдийгүй, 2 дахь салбар сургуулиа-Сургууль, цэцэрлэгийн цогцолбор шийдлийг багтаасан барилгыг ашиглалтанд оруулж буйчлан сонин ихтэй байлаа. 

 

Ингээд боловсролын тогтолцооны дэлхийн чиг хандлага хийгээд Монголын боловсролын салбарт нэн дутагдаад байсан их сургуульд бэлтгэх хөтөлбөрийг JET бүрэн дунд сургууль нэвтрүүлж буй талаарх энэ ярилцлага танд хэрэгцээтэй байж чадна гэдэгт итгэлтэй байна.

-Ковидийн улмаас дэлхий нийтийн боловсрол олгох  арга барил бүхлээрээ өөрчлөгдөж, тэнхимийн сургалтаас цахимд, ерөнхий мэдлэгээс “nano degree”-рүү шилжиж байна гэж дүгнэх болж. Таныхаар боловсрол олгох чиг хандлага хаашаа чиглэж байна вэ, бид хаана нь явна?

-Дэлхий нийт энэ асуудлыг шийдэж одоо ч чадахгүй байна. Интернет хүн төрөлхтний хэрэглээнд нэвтрэхэд хүмүүс хэвлэмэл мэдээллийн хэрэгсэл, телевизийн хэрэглээ үгүй болно, интернет байхад сургуульд сурахын ч хэрэггүй гэх үзэл давамгайлж байсан ч үүнийг худлаа гэдгийг ковид баталлаа. Цахим шилжилт боловсролын салбарт цаг хугацаа, орон зайн хязгаарлалтыг үгүй хийсэн давуу талтай ч боловсрол судлаачдын дүгнэлтээс харах юм бол бас сөрөг талууд ажиглагдсан. Судалгаанаас үзэхэд тэнхимийн сургалт өмнө нь 65-85 хувийн үр дүнтэй байсан бол хяналтгүй болоод ирэхээр 35-55 хувь болтол буурсан үзүүлэлт бий. Цахим сургалт тодорхой чадварт суурилсан богино хугацааны сургалтад үр дүнтэй хэдий ч удаан хугацаанд үргэлжилдэг ерөнхий боловсролын сургалтад үр дүн багатай харагдаж байна. Тиймдээ ч судлаачид цаашид ерөнхий боловсролын салбарт интернет болоод уламжлалт арга барилын хослолыг дэлхий нийтэд зөвлөөд буй. 

Нөгөөтээгүүр боловсролын шинэчлэл манайд сайн мэдрэгдэхгүй байгаа болохоос дэлхийд сургалтын технологи байнга өөрчлөгдсөөр байгаа. Мода эргэнэ гэдэг шиг зарим оронд Солонгос болон Европын орнуудад тестээр дүгнэдэг системээс татгалзаж бичгийн шалгалтыг илүүд үзэх болсон нь үүний нэгэн жишээ. Манай боловсролын салбарт олон жил ашиглагдаж байсан өмнөх туршлагыг цаашдаа хэрэглэх орчин байхгүй болж байна. Тийм учраас багш бэлтгэх тогтолцоог шинэчлэл хийх цаг нь болчхоод байгаа. 

 

-Дэлхийн боловсролын шилдэг хөтөлбөрүүдээс манайх ямар туршлагыг хэрэгжүүлбэл зохих вэ?

-Улс орон болгон өөрийн сургалтын технологитой. Гэхдээ олон улсын хэмжээнд ашиглагддаг сургалтын технологи цөөхөн байгаа. Хамгийн шилдэг нь Кембриджийн стандарт, дараагийнх нь IB буюу international baccalaureatte гэсэн стандартыг ихэнх улс орнуудад хэрэглэж байна. 

Ер нь хэл болон математик нэг зоосны хоёр тал. Хоёулаа л сэтгэлгээний шинжлэх ухаан. Эргээд харахад бид боловсролын системд ямар алдаа гаргасан бэ? гэхээр нэг хэсэг хүүхдүүдээ математиктаа сайн байх хэрэгтэйг чухалчлаад, эх хэл, гадаад хэлний сургалтыг орхигдуулсан. Ерөнхий боловсролын хамгийн гол үүрэг болох хүүхдийг хүмүүжүүлэх ажлыг үндсэндээ орхигдуулсан. 

Олон улсын түвшинд дунд сургуулийн шилдэг тогтолцоотой Финлянд, Швед, Швейцар, Япон болон Сингапурт дунд сургуульд мэдлэг олгохын гадна хамгийн гол нь ирээдүйн зөв иргэн бэлдэх боловсролын тогтолцоог илүүд үзэж байна. 

 

Эдгээр улс орнуудад тавдугаар анги хүртэл хүүхдийг дүн тавьж, шалгалт авдаггүй. Харин түүний оронд SEL систем буюу хүн байх боловсролыг хүүхдэд заадаг. Өөрөөр хэлбэл SEL нь нийгэм сэтгэл зүйн талаас хүүхдийг бэлдэхээс гадна хүүхдийн өөрийгөө илэрхийлэх чадамж, бусадтай харилцах, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх гэх мэтчилэн сэтгэл зүйн боловсролыг анхаарна гэсэн үг.

-Таны бодлоор гадаадын шилдэг их дээд сургуульд суралцахад залууст хэлнээс гадна ямар ур чадвар дутагдаж байна вэ?

-Бид 1995 оноос эхлэн суралцагчдадаа зөвхөн англи хэл заагаад, хэлний шалгалтуудад бэлдээд явсан. Гэтэл нэг асуудал үүссэн. Гадаадад суралцсан оюутнууд бидэнд юу гэж хэлж байсан бэ гэхээр бидний сурсан Англи хэл боломжийн бусад орны залуусаас дутахгүй байсан ч харин хамгийн гол бэрхшээл бол мэдлэг олж авах чадвар, тодруулбал их сургуулийн оюутнуудад заавал байх ёстой сурах ур чадваруудад суралцаагүй байсан гэж хэлж байсан. Боловсролоо дээшлүүлэхэд сурах чадвар маш чухал бөгөөд ганц хоёрхон сар заагаад хүүхэд эзэмшчихдэггүй. Энэ чадварыг дэлхий нийтэд хүүхдэд бүр нэгдүгээр ангиас нь эхэлж заадаг.

Манай сургалтын тогтолцоо Америкийнхаас огт өөр болохоор энэ хоёр тогтолцооны дунд хүүхэд хаягдчих нь бий. Тухайлбал, АНУ, Англид дунд сургуулийн хүүхдэд хэлний ямар чадвар олгодог вэ гэвэл тэд хүүхдийг бүр багаас нь эх хэлээ ашиглаж, яриа болон бичгээр өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх чадварт сургаж эхэлдэг. Гэтэл манайд эх хэл заахдаа бичих болон ярих тал дээр өөрийгөө бусдад чөлөөтэй илэрхийлэх нээлттэй чадвар сургахын оронд монгол хэлийг хэт хүндрүүлэн зааж, хэвшмэл заах аргад баримтлагдсан байгаа нь харагддаг. Тиймээс бид англи хэл заах нь хангалтгүй гэдгийг ойлгоод 2010 оноос эхлэн сурах чадвар  суулгах Кембриджийн стандартыг сургалтандаа нэвтрүүлсэн.

-Таныхаар гадаадын их дээд сургуульд элсэн суралцах хүсэлтэй залуус юун дээр түгээмэл алддаг вэ?

-Ерөөсөө л төлөвлөж сураагүй байдал. Энэ нь тэдний ч буруу биш нүүдэлчин ахуй, амьдралын хэв маягаас үүдэлтэй. Нэг өглөө сэрээд мөнгө санхүү, шалгалтын оноо зэрэг бэлтгэлээ хангаагүй байж гадагшаа явна гэж адгадаг,  бэлтгэл дутуу шалгалт өгдөг. Иймд урт хугацааны төлөвлөгөө, бэлтгэл маш чухал.

-Танай байгууллага 25 жилийн ноу-хау дээрээ тулгуурлан дунд сургууль байгуулаад нэг жилийг үдлээ. Энэ жилээс сурагчдыг гадаадын их сургуульд бэлдэх ахлах сургуулийн хөтөлбөр нэвтрүүлж байгаа гэсэн. Энэ талаар тодруулбал?

-Бид гадаадын их дээд сургуульд бэлдэх хөтөлбөртэй дунд сургууль байгуулахаар 10 гаруй жилийн өмнөөс төлөвлөж, бэлдэж эхэлсэн. Ахлах ангид орж буй хүүхдүүдэд сүүлийн хоёр жилээс өндөр ачаалал өгөхгүйгээр их сургуульд бэлдэх учиртай юм. Их сургуульд бэлдэх зорилготой 4-н бие даасан хэсгээс бүрдсэн Jet Pathway College хөтөлбөрийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Jet Pathway College хөтөлбөр маань нэгдүгээр хэсэг нь сурагчдыг оюутан болоход шаардлагатай англи хэлний мэдлэг эзэмших нөхцөлийг хангаж, TOEFL, SAT, IELTS-ийн шалгалтанд өндөр оноо авах бэлтгэлийг хангаж, их дээд сургуулиудад элсэх Англи хэлний шаардлагыг хангах учиртай. Тэр ч утгаараа JET сургалтын төв 2008 оноос эхлэн TOEFL-ийн шалгалт, 2014 оноос эхлэн SAT авч эхэлсэн бол өнгөрсөн жилээс интернет IELTS-ийн албан ёсны шалгалтыг өөрийн төв байран дээрээ авч эхэлсэн. 

 

College pathway хөтөлбөрийн дараагийн онцлох хэсэг нь академик ур чадвар буюу их сургуульд шаардагдах ур чадварууд болох англи хэл дээр лекц хөтлөх, семинар бэлдэх, агуулгад товчлол хийх, мэтгэлцэх, эссе бичих, шинжлэх ухааны зохиолуудыг уншиж ойлгох зэрэг чадваруудыг олгох юм. Дүгнээд хэлэх юм бол их сургуульд суралцах гүүрийг тавьж өгөх буюу шинжлэх ухааны суурь мэдлэг сайн, англи хэл нь ямар ч сургуулийн шаардлагыг хангахуйц болчихсон, суралцах ур чадвар, сэтгэл зүй, бие физиологийн бэлтгэлийг хангах ач холбогдолтой.

College pathway хөтөлбөрийн гуравдугаар хэсэг нь өмнө дурьдсан хүмүүжлийн хөтөлбөр болох SEL юм. Энэ нь ахлах ангийн сурагчдын хувьд:

  • Өөр соёл орчинд дасан зохицох чадвар
  • Оюутнуудад шаардлагатай хууль эрх зүйн мэдлэг
  • Хувь хүний бие даан амьдрах, шийдвэр гаргах чадварууд
  • Иргэн байх нийгмийн эд эс байх хариуцлага
  • Хувийн санхүүгээ удирдах зэрэг чадварыг олгоно.

College pathway хөтөлбөрийн дөрөвдүгээр хэсэг бол эцэг эх, сурагч, сургуулийн хооронд хийх  гэрээ. Үүнийг бид арван нэгдүгээр сараас хэрэгжүүлнэ. Хүүхдийн англи хэл бусад хичээлийн ур чадвар, сэтгэл зүй зэрэг хүчин зүйлсийг шалгаж үзээд сургууль сурагч, эцэг эх, сургуулийн хамтын ажиллагааны хоёр жилийн сургалтын гэрээ байгуулах юм. Тухайн хүүхдийн зорилго, шаардлагуудыг жагсааж байгаад мэргэжил сонголт, сургуулиа сонгох, сургуультай холбоо тогтоох, тэтгэлэгт хамрагдах эссе бичих, санхүү болон бусад асуудлыг хангах зэрэг суралцах алхмыг тодорхойлж, тэтгэлэг авах боломжийг эрэлхийлэх зэрэг сургалтын цогц төлөвлөгөө боловсруулах үйл явц багтана. 

-25 жилийн ноу-хау аа ажил хэрэг болгосон өнгөрсөн нэг жилийн хугацаанд алдаж, оносон зүйл юу байв?

 -Ер нь ямар ч сургууль удаан хугацаанд ажиллаж байж өөрийн гэсэн тогтолцоо бааз нь бэлэн болдог. Шинэ сургууль, цоо шинэ хамт олон бүрэлдэж байгаа гэдэг утгаараа эхний жил тогтолцоо бүрдүүлэх нь бэрхшээл болдог. Өнгөрсөн жил JET бүрэн дунд сургууль маань 340 сурагчтай ажилласан. Менежментийн бага зэрэг алдаа, бэрхшээл тулгарсан хэдий ч манай хамт олон асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэн ажилласан. Бидний 5 жилийн мастер төлөвлөгөөний эхний хоёр жил бол олон улсын хөтөлбөррүү шилжих бэлтгэл. Үүнийг бид өнгөрсөн жил хийж дэлхийн 60-аад оронд хэрэглэгддэг шинжлэх ухааныг хичээлүүдийг англи хэлээр заадаг IPC хөтөлбөрийг Монголын  цөм хөтөлбөртэй хослуулан хэрэгжүүлсэн. Ингээд 5 жилийн дотор олон улсын стандартыг бүрэн хэрэгжүүлнэ. Эцэг эхчүүдээс ирсэн нийтлэг санал нь англи хэлний хөтөлбөр үнэхээр үр дүнтэй байсанд сайшаалтай хандсан явдал. Нөгөөтэйгүүр гадаад хөтөлбөрийг цөм хөтөлбөртэй хослуулахаар хүүхдүүд өглөө 08:30-16:00 цаг хүртэл хичээллэдэг тул бага зэрэг ачаалалтай байсан.  

-JET бүрэн дунд сургууль хоёрдугаар салбараа нээж байгаа гэсэн?

-Тав тухтай суралцах орчныг хангасан, 400 хүүхдийн багтаамжтай сургууль, 80 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгыг Яармагт барьж дуусаж байна. Ингэснээр бид JETийн философиор хүүхдүүдээ цэцэрлэгээс нь бэлдэх боломж бүрдэж байгаа хэрэг. Мөн бид цаашид Ривер гарден хотхоны салбарынхаа байрыг өргөтгөж, хүчин чадлыг нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Ингээд JET бүрэн дунд сургууль маань хоёр салбартайгаар үйл ажиллагаагаа явуулах болно.

 
 
 

-Сурагч элсүүлэх шалгуур гэж бий юу?

-Энэ бол өнгөрсөн жил бидэнд тулгамдсан асуудлын нэг юм. Англи хэл огт мэдэхгүй хүүхэд, эсвэл Монголоор ярьж чаддаггүй гадаадад өссөн хүүхдүүд нэг ангид суралцаад ирэхээр түвшний ялгаа гарсан. Тиймээс бид түвшин тогтоох шалгалт аваад, түвшин ялгаатай хүүхдүүдэд зориулсан нэмэлт хичээлийг хөтөлбөртөө тусгасан. 

-Цаг үеэ дагаад хүүхдийн сэтгэхгүй, сурах арга барил, чадамж өөрчлөгдөөд байхад манай боловсролын байгууллагууд 10 жилийн өмнөх арга барилаа өөрчлөхгүй хэлний хэрэглээг орхигдуулж, дүрмээр бөмбөгдөөд хүүхдийг залхааж орхидог.

- Та түрүүн JET сургууль жил болгон хөтөлбөрөө шинэчилж, сайжруулдаг гэлээ. Энэ жилийн хувьд JET дунд сургууль болон сургалтын төвдөө хэлний хөтөлбөртөө ямар шинэчлэлт нэвтрүүлж байгаа вэ?

-Хэл өөрөө их хэцүү шинжлэх ухаан л даа. Байнгын өөрчлөлт хөдөлгөөнд байдаг. Тиймээс сургалтын байгууллага байнга шинийг туршиж, сайжирч байх ёстой. Энэ жилийн хувьд хамгийн эрэлттэй анги болох хүүхдийн анги болоод өсвөрийнхөнд зориулсан ангиудыг нэгтгээд нэмэлт хөтөлбөртэй салбар компани байгуулж байгаа. Энэ салбар цаашдаа өргөжөөд ахин 2-3 салбар нээх төлөвлөгөө бий. Программын энэ өөрчлөлт 2020 оны Кембриджийн сурах бичигт тулгуурлан хийгдэж байгаа төдийгүй үүн дээр нэмээд хүүхэд хүмүүжлийн хөтөлбөр SEL-ийг нэвтрүүлж байгаа. SEL хөтөлбөрт хагас жил хамрагдсан хүүхдүүдийн хандлага, харилцаа их өөрчлөгддөгийг бид анзаарсан. Хоёрдугаарт IELTS, TOEFL өгөөд гадагшаа мэргэжил дээшлүүлэхээр зэхэж буй ажил хийдэг залууст зориулсан сургалтын хөтөлбөрөө шинэчилсэн. 

 

-Багшийн тухай яриа дэлгэснийх JET бүрэн дунд сургуулийн хувьд мэргэшсэн, туршлагатай багшлах боловсон хүчин хэр бүрдүүлж чадсан бэ? 

-Хувийн сургуулийн захирлуудын толгой гашилж явдаг асуудал бол багшийн асуудал байдаг. Гадаадаас урьж авчирсан багш нь Монгол хүйтэн, утаатай байна гээд яваад өгөх нь бий. Энэ тохиолдолд хувь хүний эрх яригдах болохоор бид яаж ч чаддаггүй. Манай дунд сургуулийн хувьд гадаад багш нараас гадна олон улсын сургуульд ажиллаж байсан туршлагатай залуучуудаар бага хамт олноо бүрдүүлсэн. Мөн өнгөрсөн жил ажилласан 6 гадаад багш маань монгол хүүхэдтэй ажиллах арга барил, туршлага олоод авсан цаашдаа ч энэ бүрэлдэхүүнээрээ ажиллана.

 
 

-JET бүрэн дунд сургуулийн хувьд англи хэлнээс гадна, Хятад, Орос хэлийг нэмэлтээр заадаг гэсэн?

Зургаа дугаар ангиас эхэлж орос, хятад хэлийг сурагчдын сонголтоор нь заана. Хятад хэлний хувьд Өвөр Монголын багшийн дээд сургуультай хамтарч байгаа. Хэл өөрөө айхтар мэргэжил биш, энэ бол ерөөсөө л боловсрол. Боловсрол гэдэг чинь хүнтэй таатай харилцаа өрнүүлж чадаж байна уу, компьютер ашиглаж чадаж байна уу, мөн л боловсрол. 

-Академик англи хэлийг манайд эзэмшихэд орчин хэр чухал вэ. Эссе бичээд, илтгэл тавиад, хурал семинарт оролцчих хэмжээний академик англи хэлтэй болох хүсэлтэй залууст та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Академик англи хэлний хэрэгцээг манайхан ойлгоогүй байдаг. Манай сургалтын төв 2014 оноос эхлээд заах гэж үзсэн л дээ. Хүн бүр заавал гадаадад их сургуульд сурах, их сургуулийн хэмжээнд англи хэлийг ашиглах зорилготой байдаггүй. Зүгээр л чөлөөтэй ярьдаг л болъё гэсэн хүмүүс ч бий. Тиймээс академик англи хэлийг TOEFL, IELTS-ийн шалгалтын ангиудад хавсруулж заахгүй бол үндсэн англи хэлтэй хамт заахад бага зэрэг хүндрэлтэй. Нэг зүйлийг хэлэхэд академик англи хэлийг эзэмшихэд орчин төдийлөн чухал биш, Монголдоо ч сайжруулах боломжтой. 

Унших болон бичгийн чадвараа сайжруулах орчинг өөрөө бий болгох боломжтой. Академик англи хэл гэдэг чинь шинжлэх ухааны өгүүллийг унших арга барилд суралцах, англи сэтгэхүйгээр эссе бичиж сурах тухай асуудал учраас орчин шаардахаас илүүтэй сайн багш, сайн технологи, өөрийн хичээл зүтгэлээс хамаарч байгаа юм. 

- Сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа. Монгол хүүхдийг дэлхийн иргэн болгож хөгжүүлж, хүмүүжүүлэх их үйлсэд нь өндөр амжилт хүсье!

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.