Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: Хонг Конгт хоёроос дээш хүн цуглах, ресторанд хооллохыг бүрэн хориглохоор болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

COVID-19 халдварын тархалтын мэдээг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.

АНУ

Халдварын нөхцөл байдлын талаар АНУ-ын Харшил, халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн захирал “Согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудыг хаах, хүн олноор цуглардаг газар очихгүй байж, бүх нийтээрээ амны хаалтыг тогтмол зүүн, хүн хоорондын зайг мөрдөж чадвал АНУ коронавирусийн тархалтын мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулах боломжтой” хэмээн онцолжээ.

Долдугаар сарын 27-ны өдөр АНУ-д 61,700 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 564 хүн нас барлаа. Тус улсын хэмжээнд одоогоор нийт 4,255,000 гаруй хүн коронавиурсийн халдвараар өвчилсөн. Үүнээс 146,500 гаруй хүн эндээд байгаа юм.

Бразил

Даваа гарагт Бразил улсад 23,500 гаруй тохиолдол, 614 нас баралт шинээр бүртгэгдлээ. Тус улсын халдвар өссөн дүнгээр 2,442,000 болсноос 1.6 сая гаруй нь эдгэрч, 87,600 хүн энджээ.

БНЭУ

Зүүн Өмнөд Азийн бүсийн Энэтхэг улсад өчигдөр 49,900 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдварын тоо 1,435,000 гаруйд хүрлээ.

ОХУ

ОХУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд 5,635 тохиолдол, 85 нас баралт нэмж бүртгэгдэж, халдвар авсан нийт хүний тоо 818,000 гаруй болжээ. Өчигдөр бүртгэгдсэн дээрх халдварын тохиолдол нь дөрөвдүгээр сарын 23-наас хойш хамгийн цөөн тооны халдвар бүртгэгдсэн өдөр гэж тэмдэглэгдсэн байна.

Япон

Номхон далайн баруун бүсийн Япон улсад Даваа гарагт 598 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Тэдгээрийн 198 нь Канто бүсэд, 137 нь Кансай бүсэд, 102 нь Чибу бүсэд бүртгэгдсэн байна.

БНСУ

БНСУ-д өчигдөр 28 тохиолдол шинээр бүртгэгдэж, нэг хүн нас барлаа. Шинэ тохиолдлуудын 23 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол тав нь дотоодын халдвар байжээ.

Сүүлийн өдрүүдэд Ирак улсад хөдөлмөр эрхэлдэг Өмнөд Солонгосын иргэд эх орондоо очих болсонтой холбоотойгоор тус улсын зөөвөрлөгдсөн тохиолдлуудын тоо нэмэгдсээр байна.

Мөн БНСУ-ын далайн боомтод очсон ОХУ-ын хөлөг онгоцны ажилчид, тэдгээрийн ойрын хавьтлын хүмүүсээс халдвар олноор илэрсээр байгаа юм.

Ирак улсаас гадна, Бангладеш, Казахстан, Кыргызстан, Пакистан, Узбекистан, Филиппин зэрэг зургаан улсаас ирж байгаа иргэдээ Солонгос улс өндөр эрсдэлтэй гэж үзэж хилээр нэвтрүүлэхдээ заавал халдваргүйг нотлох гэрчилгээ шаардаж буй аж.

БНХАУ

БНХАУ-д өчигдөр 68 шинэ тохиолдол бүртгэгдсэн гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээллээ. Шинэ тохиолдлуудын 64 нь дотоодын хүн амын дундах халдвар байсан бөгөөд 57 нь буюу дийлэнх нь Шинжаан Уйгурт бүртгэгдсэн байна.

Мөн өдөр Бээжин хотын Шиньфади хүнсний захын голомтоос халдвар авсан хүмүүсээс 14 хүн нэмж эдгэрчээ. Ингээд тус голомтоос халдвар авсан нийт 335 хүнээс 25 нь л эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Хонг Конг

Хонг Конгт өнгөрсөн 24 цагийн дотор шинээр 145 тохиолдол бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 142 нь дотоодын халдвар байв.

Халдварын тархалтыг хумих үүднээс тус бүсэд хоёроос дээш хүн цуглах болон ресторанд хооллохыг бүрэн хориглож, амны хаалтыг гадаад, дотоод орчин тогтмол зүүхийг Лхагва гарагаас эхлэн шаардаж, мөрдүүлэхээр болжээ.

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/719821035232675

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.