Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын Moderna компанийн бүтээж буй Covid-19 өвчний эсрэг вакцин энэ оны сүүлээр бэлэн болно

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Moderna компанийн бүтээж буй Covid-19 өвчний эсрэг вакцин энэ оны сүүлээр бэлэн болох төлөвлөгөөтэй байгааг өчигдөр АНУ-ын албаны хүн мэдэгджээ.

Өчигдөр тус компани шинэ вакцинаа 30,000 хүнд туршиж эхэлснээ зарласан байна. Хэрвээ энэхүү эцсийн шатны туршилтын үр дүнд вакцин аюулгүй, үр дүнтэй нь батлагдвал хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл олгох юм.

Moderna компани вакцины төсөлдөө зориулж, АНУ-ын засаг захиргаанаас $1 тэрбум орчмын санхүүгийн дэмжлэг авсан байна. Өнөөдөр дэлхий даяар коронавирусийн эсрэг вакцин бүтээх 150 гаруй төсөл хэрэгжиж байгаагийн 20 гаруй нь хүн дээр хийх туршилтаа эхлүүлээд байна.

Сүүлчийн шатны туршилтын нээлтэд зориулж гаргасан мэдэгдэлдээ Америкийн Эрүүл Мэндийн Үндэсний Хүрээлэнгийн захирал Фрэнсис Коллинз “2020 оны сүүлээр аюулгүй, үр дүнтэй вакциныг зах зээлд нийлүүлэх нь бидний гол зорилго юм” гэж өгүүлжээ.

Түүний нэмж хэлснээр Moderna компанийн вакцины туршилт дуусах үед хэдэн арван сая тун зах зээлд нийлүүлэгдэхэд бэлэн болох гэнэ.

АНУ-ын халдварт өвчин судлалын хамгийн том мэргэжилтэн гэгддэг доктор Энтони Фаучи вакцины сүүлчийн шатны туршилтын үр дүн энэ оны арваннэг, арванхоёрдугаар саруудын аль нэгэнд бэлэн болох төлөвтэй байгааг мэдэгджээ. Эхний шатны туршилтуудын үр дүнгээс харахад сүүлчийн шатны туршилтын үр дүн сайн гарна гэсэн итгэл төрж байгааг тэр бас хэлсэн юм.

Moderna компани 2021 онд жилд 500 саяас нэг тэрбум тун вакцин үйлдвэрлэх зорилготой ажиллаж байгаагаа мэдээлжээ.

 

Эх сурвалж: Reuters