Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгост суугаа АНУ-ын элчин сайд хэрүүл маргааны сэдэв болсон сахлаа авхуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгост суугаа АНУ-ын элчин сайд Харри Харрисын живэр сахал сүүлийн хэдэн сарын турш солонгосчуудын шүүмжлэлийн бай болж байсан юм.

Хоёр улс холбоотнууд боловч сүүлийн жилүүдэд Умард Солонгостой харилцах гадаад бодлого, батлан хамгаалах зардлын маргаанаас үүдэлтэйгээр харилцаа нь муудаад байгаа.

Элчин сайд Харри Харрис хэлсэн үг, мэдэгдлүүдээсээ болоод Өмнөд Солонгосын олон нийтэд байнга шүүмжлүүлдэг болсон юм. Бас нэг маргааны сэдэв нь түүний шинээр тавьсан живэр сахал байв.

Япон ээжтэй Харрисын тавьсан сахал 1910-1945 онд Солонгосын хойгийг колоничолж байхад Япон улсаас томилогдсон захирагчийн сахлыг санагдуулдаг ажээ.

Эхэндээ элчин сайд өөрийн сахлыг улс төртэй хамаагүй, хувь хүний сонголт гэж тайлбарлаж байсан юм.

Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр Харрис уламжлалт солонгос үсчинд зочилж, сахлаа авхуулсан байна. Тэрбээр энэ шийдвэрээ Сөүлийн зуны халуунд сэрүүн байх, бас цар тахлын энэ үед амны хаалт зүүхэд эвтэйхэн болгох зорилготой гэж тайлбарлажээ.

Өмнөд Солонгос, Япон хоёр улс нь хоёул АНУ-ын холбоотнууд, хоёул чөлөөт эдийн засагтай, улс төрийн ардчилсан системтэй. Гэхдээ тэдний хооронд өнгөрсөн түүхээс үүдэлтэй зөрчил олон байдаг.

Энэ оны эхээр Харрис хэвлэлд ярихдаа “Хоёр улсын хооронд түүхэн маргаан зөрчлүүд байдгийг би ойлгож байна. Гэхдээ би бол Өмнөд Солонгост томилогдсон Америкийн Япон элчин сайд биш, зүгээр л Америкийн элчин сайд. Япон эхээс төрсөн хувь заяаг минь энэ түүхтэй холбох нь алдаа юм” гэж хэлж байв.

 

Эх сурвалж: AFP