Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Иргэдийн УОК-т өгсөн хандиваар ECMO аппарат захиалсан. Удахгүй ирнэ"

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын дараа эмнэлгүүдийн COVID-19 халдварын үед хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц болон тарваган тахлын сэжигтэй тохиолдлын талаар сэтгүүлчдийн асуултад албаныхан хариуллаа.

-ХӨСҮТ-ийн хувийн хамгаалах хэрэгслээс эхлээд эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж хэр хүрэлцээтэй байгаа вэ?

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Бид хувийн хамгаалах хэрэгсэл зэргээс эхлээд COVID-19 халдварын үед хэрэглэх зүйлсийн бүх тооцоог хийсэн. Одоогийн байдлаар бидэнд нэг сарын нөөц бий.

Эмнэлгийн хэрэгслийн дараагийн хангалт 14-21 хоногийн дотор ирнэ. Мөн ДЭМБ-аас нэмэлтээр бидэнд өгч буй хувийн хамгаалах хэрэгсэл болон бусад тусламж нь 14 хоногт багтан ирэх юм. Цаашид өндөр зэрэглэлийн хангамжийг 10, 11 дүгээр сард зориулж хийх учир одоогоор хамгаалах хувцас хэрэгслийн дуталдал гараагүй.

Мөн бид гадаадаас иргэдээ авчрах чартер онгоцнуудыг маш сайн ашиглаж байгаа бөгөөд эм, вакцины хангамжаа татах ажлаа зөв зохион байгуулж чадсан гэж ДЭМБ үнэлсэн.

-Манай улсын амьсгалын аппаратын нөөц хангалттай байгаа юу?

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Бид амьсгалын аппарат, ECMO аппарат зэрэг олон эмнэлгийн хэрэгслийг Засгийн газрын хөрөнгө, олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд захиалан авч байгаа. Амьсгалын аппаратыг зохих түвшинд хангалттай авсан. Харин ECMO аппаратыг Улсын онцгой комисст иргэдийн хандивласан хөрөнгөөр захиалсан. Удахгүй ирнэ гэсэн мэдээлэлтэй байна.

"Тарваган тахлаар өвдсөн нэг хүний эмчилгээний зардалд улсаас 100 орчим сая төгрөг зарцуулдаг"

-Тарваган тахлын сэжигтэй тохиолдол өнгөрсөн долоо хоногт хэд бүртгэгдсэн бэ?

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Өнгөрсөн долоо хоногт Баянхонгор, Завхан аймагт тарваган тахлын хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Тэдгээрийн эхний шинжилгээний хариу сөрөг гарсан.

Гэхдээ Завхан аймгийн тохиолдлын хувьд өөрөө тус аймгийн төвийн халдвартын эмнэлэгт хэвтсэн ч гэрийнхээ найман хүнтэй ойрын хавьтал болсон учраас тэдгээр хүмүүст PCR-ийн шинжилгээ хийнэ.

Мэргэжлийн байгууллагаас иргэдэд анхааруулсаар байтал дандаа тарваганы мах идсэн өгүүлэмжтэйгээр клиникийн шинж тэмдэг илэрч эмнэлэгт хандаж байна. Тарваган тахлаар өвдсөн нэг хүний эмчилгээний зардалд гэхэд л улсаас 100 орчим сая төгрөг зарцуулдаг.

Иргэдийн зарим нь ууж, идэх зүйлээ зохицуулаагүйгээс болж тухайн аймагт хөл хорио тогтоох нь бусад иргэдэд хүндрэл үүсгэхээс гадна коронавирусийн ийм хүндрэлтэй үед эмнэлгийн байгууллагад ч нэмэлт ачаалал өгч, эдийн засагт хохирол учруулна.

Тиймээс эрүүл мэндийн байгууллагаас өгч буй анхааруулгыг дагахыг хүсэж байна.

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/1402530590136255

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.