Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: Эдгэрсэн хүмүүсээс илэрсэн коронавирус халдвар тараах эсэхийг эцэслэж тогтоогоогүй

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 7 сарын 27
iKon.MN

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "COVID-19-ийн халдвар аваад эдгэрсэн хүмүүсээс дахин халдвар илрээгүй, зөвхөн коронавирус илэрсэн" хэмээн залруулсан юм.

 "Эдгэрсэн хүмүүсээс дахин халдвар илэрсэн гэж буруу ойлгоод байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Тэрбээр хэлэхдээ "Нэг залруулга хийхэд эдгэрсэн хүмүүсээс зөвхөн коронавирус илэрсэн болохоос коронавирусийн халдвар илрээгүй. Үүнийг иргэд өвчлөөд эдгэрсэн хүмүүсээс дахин халдвар илэрсэн гэж буруу ойлгоод байна" гэсэн юм.

Энэ тухай тодруулж асуусан сэтгүүлчийн асуултад ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хариулав.

"Эдгэрсэн ч биеэс нь коронавирус илэрсэн 23 хүнээс Энхсаран сувилалд найм нь тусгаарлагдаж байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

А.Амбасэлмаа "Бид долдугаар сарын 20-нд эдгэрээд эмнэлгээс гарсан 23 хүнээс коронавирус илэрсэн тухай мэдээлсэн. Түүнээс хойш дээрх хүмүүст дахин гурван удаагийн PCR шинжилгээ хийхэд 11 иргэнээс нь коронавирус илрээгүй. Тиймээс дараагийн шат руу буюу гэрийн ажиглалтад шилжүүлсэн.

Мөн өчигдрийн давтан шинжилгээгээр дахин дөрвөн хүнээс вирус илрээгүй. Ингээд дээрх 23 хүнээс одоогоор Энхсаран сувилалд найм нь үлдсэн бөгөөд тэдгээр иргэдийн давтан шинжилгээ ар, араасаа хийгдээд явна.

Тухайн 23 иргэн нь коронавирусийн халдвар аваад ХӨСҮТ-д 14-30 хоног эмчлэгдээд гарсан ч сувилалд ажиглалтын шинжилгээ хийх явцад биеэс нь коронавирус илэрсэн юм. Үүнийг нь халдвар дахин илэрсэн эсвэл шинээр халдвар авчихсан мэтээр иргэд төөрөлдөж болохгүй.

Дэлхийн бусад оронд эдгэрсэн хүмүүсээс коронавирус илрэх тохиолдол гарч байгаа ч түүнийг нь халдвартай, халдваргүй эсэхийг эцэслэж тогтоогоогүй. Тодорхой хэдэн улс, орон халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн биеэс илрээд буй коронавирус нь халдваргүй хэмээн үзэж буй.

Манай улс эдгэрсэн хүмүүстээ гурван удаа шинжилгээ хийгээд огт коронавирус илрээгүй тохиолдолд эмнэлгээс гаргаж байгаа" гэв.

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/1402530590136255

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.