Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британи улс хүн амынхаа таргалалттай тэмцэх төлөвлөгөөг танилцууллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үеийн судалгааны дүгнэлтээс үзвэл тарган буюу илүүдэл жинтэй хүмүүст Covid-19 өвчин илүү хүндээр тусч байгаа нь тодорхой болсон юм.

Үүнтэй холбоотойгоор Их Британи улс өнөөдөр үндэсний хэмжээний таргалалттай тэмцэх төлөвлөгөөгөө танилцуулжээ.

Тус улсын ерөнхий сайд Борис Жонсон коронавирусийн халдвараар хүнд өвчлөөд эдгэрсэн юм. Тэрбээр эдгэрснээсээ хойш нэлээд жин хасаад байгаа.

Өнгөрсөн сард Жонсон үг хэлэхдээ британичууд Европын ихэнх улс орнуудын иргэдээс илүү тарган байгааг онцлоод түүний засгийн газар “таргалалтын цагтай бөмбөг”-тэй тэмцэхэд анхаарал хандуулах болсныг зарласан юм.

Төлөвлөгөөний дагуу Британи даяар оройн 9 цагаас өмнө телевиз болон онлайнаар түргэн хоол сурталчлахыг хориглож байна. Мөн “нэгийг авбал нэг үнэгүй” гэсэн урамшууллыг түргэн хоолны сурталчилгаанд хориглож, цэсэн дээрээ хоол бүрийн илчлэгийн хэмжээг мэдээлж байхаар заажээ.

“Жин хасах нь хэцүү хүнд сорилт боловч бид багахан өөрчлөлт хийснээр эрүүлжиж чадна. Бид бүгд хичээвэл эрүүл мэндийн эрсдлээс, тэр дундаа коронавирусийн аюулаас зайлсхийж чадна” гэж Борис Жонсон мэдэгдсэн байна.

Тус улсын эрүүл мэндийн байгууллагын тоо баримтаас үзвэл насанд хүрсэн британичуудын 60 гаруй хувь нь илүүдэл жинтэй ангилалд багтдаг ажээ.

Коронавирусийн цар тахал Британид хүндээр туссан нь засгийн газрыг хүн амын таргалалтын асуудалд анхаарал хандуулахад хүргэж байна.

 

Эх сурвалж: Reuters