Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

“Их Долоо”-гийн бүлэгт ОХУ-ыг нэмэх Трампын саналыг Герман улс эсэргүүцжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Германы гадаад хэргийн сайд Хайко Маас

Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай долоон гүрний бүлэг болох G7-д ОХУ-ыг нэмэх АНУ-ын ерөнхийлөгчийн саналыг Герман улс эсэргүүцэж байгааг тус улсын гадаадын хэргийн сайд Хайко Маас мэдэгджээ.

Өмнө нь G8 гэж нэрлэгддэг байсан бүлгээс 2014 онд ОХУ-ыг хассан нь Крымийн хойгийг Украинаас булаан эзэлсэн явдалтай холбоотой юм.

Харин энэ онд G7-ийн чуулганыг нутагтаа зохион байгуулах гэж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сард Орос улсыг буцааж нэмэх санал гаргаад байгаа.

Өнөөдөр хэвлэгдэн гарах Rheinische Post сонинд өгсөн ярилцлагадаа Маас зүүн Украин болон Крымийн зөрчлийг арилгах чиглэлд ямар нэг ахиц дэвшил гараагүй байгаа тохиолдолд ОХУ-ыг G7-д нэмэх боломжгүйг мэдэгджээ.

Москвагийн эрх баригчид G7-д буцаж орохын тулд Украины сөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргах ёстойг Хайко Маас онцолсон байна.

Орос улс одоо хөгжиж буй орнуудыг нэмж багтаасан G20-ын бүлэгт багтаж байгаа нь хангалттай гэж тэр хэлжээ.

“G7 болон G20 нь бодлогоор хуваасан хоёр тусдаа бүлэг юм. Бидэнд ямар нэг G11, G12 хэрэггүй” гэж Маас хэлсэн байна.

Дональд Трамп ОХУ-аас гадна Өмнөд Солонгос, Австрали, Энэтхэг улсуудыг G7-д нэмж оруулах санал гаргасан юм.

Орос улстай харилцах харилцаанд олон бэрхшээл байгаа ч Сири, Ливи, Украины асуудлыг шийдэхэд ОХУ-тай хамтран ажиллах шаардлагатайг Маас нэмж хэлжээ.

“Гэхдээ Орос улс өөрийн талаас бас зүтгэл гаргах хэрэгтэй байна. Жишээ нь Украины асуудалд тэд маш хойрго хандаж байгаа” гэж Хайко Маас ярьсан байна.

 

Эх сурвалж: Reuters