Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Вьетнам улсад 100 хоногийн дараа дотоодод дамжсан Covid-19 халдварын анхны тохиолдол илэрчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Аялал жуулчлалын төв Да Нан хотод коронавирусийн халдварын шинэ тохиолдол илэрсний дараа Вьетнам улс Бямба гарагаас эхлэн онц байдлын зэргээ ахиулжээ.

Энэ нь тус улсын хувьд сүүлийн 100 хоногийн хугацаанд илэрсэн анхны дотоод халдварын тохиолдол юм. 

Вьетнам улсад цар тахал дэгдсэн цагаас хойш нийт 417 халдварын тохиолдол бүртгэгдэж, ганц ч хүн нас бараагүй байгаа. 

Халдвар илэрсэн 57 настай эрэгтэйн бие одоо муу байгаа бөгөөд Хо Ши Мин хотоос тусгай эмч мэргэжилтнүүд Да Нан хотод очсон тухай тус улсын эрүүл мэндийн яам өчигдөр мэдээлжээ.

Халдварын хавьтал болох 103 хүнийг оношлоход бүх хариу нь сөрөг гарсан байна.

Сүүлийн сар гаруй хугацаанд Да Нан хотоос гараагүй өвчтөн хэрхэн халдвар авсан талаар эрх баригчид мэдээлэл өгөөгүй байна. Коронавирусийн цар тахлыг амжилттай зогсоож чадсан гэгдэж буй Вьетнам улсын засгийн газар олон улсын нислэгүүдээ сэргээх талаар судалж байгаа цаг үед шинэ тохиолдол илэрч байна. Өнөөдрийн байдлаар гадаадын мэргэжилтнүүд, нарийн мэргэжлийн ажилчид тус улсад тусгай шугамаар нэвтэрч байгаа юм.

Өнгөрсөн гурван сарын хугацаанд Вьетнамд нийт 150 орчим халдварын тохиолдол илэрсэн нь бүгд гадаадаас зорчин ирэгсэд байжээ.

 

Эх сурвалж: Reuters