Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс Чэнду хот дахь АНУ-ын консулын газрыг хаах шийдвэр гаргалаа

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Хятад улсын засгийн газар Баасан гарагт Чэнду хот дахь АНУ-ын консулын газрыг хаах шийдвэр гаргажээ.

Энэ шийдвэр нь Вашингтоны эрх баригчид Хьюстон хот дахь Хятадын консулын газрыг хаахаар болсны хариу арга хэмжээ юм.

Өнгөрсөн Мягмар гарагт Трампын засаг захиргаа Хьюстон хот дахь Хятадын консулын газрыг хаах 72 цагийн хугацаа өгсөн нь өчигдөр дууссан байна.

АНУ-ын тал Хятадын консулыг тус улсын оюуны өмчийг хулгайлахад оролцдог тул хаахаар болсон гэж шийдвэрээ тайлбарласан юм. 

Харин Бээжингийн эрх баригчид Чэнду дахь консулыг тус улсын дотоод хэрэгт оролцдог гэсэн үндэслэлээр хаажээ.

Сүүлийн үед дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрний харилцаанд олон зөрчил маргаан үүсээд байна. Худалдааны маргаан, коронавирусийг тараасан гэх асуудал, Хонг Конгийн статусыг өөрчилсөн явдал зэрэг үүнд багтаж байгаа юм.

Пүрэв гарагт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ерөнхийлөгч агсан Ричард Никсоны нэрэмжит номын санд үг хэлэхдээ “Өнөөдрийн Хятад улс дотооддоо улам бүр дарангуйлагч дэглэмтэй болж, чөлөөт ертөнцөд улам бүр түрэмгий ханддаг болоод байна. Чөлөөт ертөнц энэхүү шинэ харгис дэглэмийг ялах ёстой” гэж мэдэгджээ. Ерөнхийлөгч агсан Ричард Никсон нь 1972 онд анх Хятадад айлчилж, хоёр улсын хамтын ажиллагааны эхлэлийг тавьж байсан юм.

Хятадын гадаад хэргийн яамны төлөөлөгч Помпеогийн хэлсэн үгийг “суртал нэвтрүүлгийн чанартай, Хүйтэн дайны сэтгэлгээг харуулсан” гэж шүүмжилсэн байна.

Баруун өмнөд бүсийн Чэнду хот дахь АНУ-ын консулын газар нь 1985 онд байгуулагдсан, 200 гаруй ажилтантай. Үүнээс 150 орчим нь Хятад улсын иргэд ажээ.

Чэнду хот нь Төвдийн өөртөө засах мужтай ойр оршдог тул АНУ-ын тал мэдээлэл цуглуулахад стратегийн чухал ач холбогдолтой байрлалд тооцогддог. Мөн Хятадын аж үйлдвэр, үйлчилгээний салбарын том төв тул Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, машин механизмын экспортын чухал зах зээл юм.

 

Эх сурвалж: BBC