Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Шинэ нисэх буудлыг удахгүй ашиглалтад оруулна. Тодорхой хугацаанд Японы тал менежментийг нь хийхээр болсон"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас гадаад улсаас иргэдээ татан авах ажиллагааны талаар болон нислэгийн үнэ тарифтай холбоотой мэдээллийг өглөө. 

Уг хурлаар дэлхийн 55 орноос 11,951 иргэн нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн тухай болон тусгаарлагдах байранд ажиглалтад буй иргэдийн гаргасан зөрчлийн тухай зэрэг мэдээллийг танилцуулав. 

Мэдээллийн дараагаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 
Гэрэл зургийг MPA.mn

-Монголд үйл ажиллагаагаа явуулж буй бусад улс орны консулын ажилтнууд гадаадад чөлөөтэй зорчиж байгаа гэх мэдээлэл байна. Тэдэнд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиулж байгаа вэ?

-Хилээ хаасан энэ цаг үед гадаадын Элчин сайдын яамд үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй байгаа тул ажилчдыг маань ирүүлээч гэх хүсэлтийг олон тавьж байгаа. 

Элчин сайдын яамдын хүсэлтийг харгалзан зургаадугаар сараас эхлэн нэг нислэгт ихдээ 3-5 хүнийг авчирч байна. 

Тухайн улсын Элчин сайдын яам үйл ажиллагаагаа хэвийн явуулах шаардлагатай учир олон улсын харилцаа, Монгол Улсын гадаад харилцаа, гадаад бодлогын хүрээнд боломжийн түвшинд асуудлыг шийддэг. Гадаадын дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудыг монгол иргэдийн адил 21 хоног тусгаарлаж байна. 

-Тусгай үүргийн нислэгт мөнгө авч оруулж байгаа гэх асуудал яригдаж байгаа. Мөн АТГ ч шалгаж байгаа гэсэн?

-Мөнгө төгрөгтэй холбоотой гомдол шүүмжлэл маш их байгаа. Зарим нь бодитой байхыг ч үгүйсгэхгүй. Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа нь үнэн. Миний бие тайлбар хийсэн, манай ажилтнууд ч тайлбар өгөөд явж байгаа.

Монгол Улсын Консулын албыг тэргүүлж байгаа миний хувьд нэг ч консулын ажилтан мөнгө төгрөг аваагүйг албан ёсоор хэлье.

Энэ цаг үед нэгдүгээр сарын дундаас эхлээд өндөржүүлсэн бэлэн байдалд, цаг наргүй, иргэдийн дарамт, шүүмжлэлд ажиллаж байгаа, ажиллах ч ёстойг консулууддаа анхааруулж хэлдэг. 

ЭСЯ-нд консул нь зөвхөн консулаа хийгээд байдаггүй, Элчин сайдаасаа эхлээд консулаа хийгээд явж байгаа. АНУ руу нисэхэд Элчин сайд нь зорчигчийн бүртгэл хийж байсан тохиолдол ч бий. Ийм сэтгэлээр хүн бүр ажиллаж байгаа. Хэрэв мөнгө авсан, нэхсэн бол мэдээллээ өгнө үү. Шалгуулж, хариуцлага тооцуулах болно. 

-Орогнох байргүй, санхүүгийн боломжгүй болсон иргэн их байна. Эдгээр иргэнээ консулын газрууд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Иргэдийн өгсөн өргөдөл бүрийн агуулгыг уншиж, ангилдаг. Хүндрэлтэй байгаа иргэдээ яаралтай татан авахаас гадна тусламж үзүүлж байгаа.

Тухайлбал, гадаадад байгаа иргэд дундаас харьцангуй хүнд нөхцөл байгаа нь Турк дэх иргэд. Тэдгээр иргэндээ төсвийнхөө боломжийн хүрээнд 250 өрх буюу 1,000 орчим хүнд 7-10 хоногийн хүнсний талон өгч байна. Бэлэн мөнгө тараах ямар ч боломжгүй тул хэрэгтэй зүйлээ авах боломжийг нээх арга хэмжээг өнгөрсөн хугацаанд бүрдүүлж байна.

Мөн Гадаад харилцааны яам олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, Туркэд байгаа иргэдийн байрны түрээс, цахилгааны төлбөрийг тодорхой хэмжээнд шийдэж өгөхийг хүссэн. Ойрын хугацаанд нааштайгаар шийдэгдэх байх. 

-Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Япон улсын найман иргэн ирсэн гэх мэдээлэл байгаа. Японы Элчин сайдын яамнаас таван хүн ирсэн гэж хэлсэн?

-Элчин сайдын яамдад томилгоо хийгддэг. Томилгоо нь дуусаад буцаж чадахгүй, орных нь хүн ирж чадахгүй байгаа асуудал бий. Үүнийг нислэгүүдэд хуваарилан цөөн тоогоор авч байгаа.

Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон япон хүмүүс ч байгаа. Гуравдугаар сараас хойш тэднийг нислэгт аваагүй, харин одооноос авч эхэлж байна. Монгол Улсад ажил амьдрал нь байдаг гадаадын олон иргэн бий. Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон хүмүүс үр хүүхдээ эцэг, эхтэй нь уулзуулмаар байна гэх хүсэлт ч олон байгаа.

Татан авах ажиллагааны зэрэгцээ эдгээр асуудлыг шийдэхээр гарц гаргалгааг хайж байна.

Дахин нэг тайлбар хэлэхэд, Шинэ нисэх буудлыг удахгүй ашиглалтад оруулна. Тодорхой хугацаанд Японы тал менежментийг нь хийхээр болсон. Хэрэв дээрх иргэдийг оруулж ирүүлэхгүй бол Шинэ нисэх буудал цаг хугацаандаа ашиглалтад орохгүй байх асуудал үүсэх байсан. 

Дарханы замтай холбоотойгоор хятад ажилчдыг оруулж байна. 

Цар тахал гээд бүгдийг нь хаагаад, амьдрал зогсож болохгүй. Цар тахлын үед авч байгаа арга хэмжээнээс гадна дараа нь гарах хүндрэлийг хэрхэн давж гарах тухай арга хэмжээг тооцоолж, Гадаад харилцааны яам бусад улс оронтой хамтран ажиллаж байгаа.