Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Баттөр: Нислэг 54 хувиар буурсан учраас МИАТ компани алдагдал хүлээгээд байна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Тусгай үүргийн нислэг үйлдэж буй МИАТ ТӨХК-ын орлого зарлагын талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Тусгай үүргийн нислэгийн билетын үнэ, орлого, зарлагын байдлыг танилцуулъя. 

МИАТ компани 2020 оны төлөвлөгөөнд 1,200 орчим нислэг үйлдэхээр төлөвлөсөн бол өнөөдрийн буюу эхний зургаан сарын байдлаар 533 нислэг үйлдсэн байна. Үүний 250 нь Ханбогд чиглэлийн дотоодын нислэг, 21 нь тусгай үүргийн, 70 нь каргоны нислэг байна. 
Энэ нь бид төлөвлөснөөсөө 54 хувиар бага нислэг хийсэн гэсэн үг. 

Энэ оны гуравдугаар сард Сөүлийн чиглэлд тусгай үүргийн нэг нислэг 1,000 ам.долларын ашигтай нисэж байсан байна. Гэтэл дөрөвдүгээр сард 3,000 ам.долларын алдагдалд орж эхэлсэн. Тавдугаар сард 35 мянган долларын алдагдалтай болсон байна. 

Харин Токио руу нэг нисээд ирэхэд алдагдал гуравдугаар сард 21 мянган ам.доллар байсан бол дөрөвдүгээр сард 26 мянган ам.доллар болж өссөн байх жишээтэй. 

Яагаад ингэж байна вэ гэхээр манай нийт нислэг 54 хувиар буурсан учраас нэгж нислэгт ногдол зардал өсөж, үйл ажиллагааны зардлаар МИАТ компани алдагдал хүлээгээд байна. 

Зардлын өсөлтийг Сөүлийн чиглэлд танилцуулъя. Нэгдүгээр сард Сөүл-Улаанбаатар чиглэлд 68 мянган ам.долларын зардал гаргадаг байсан бол хоёрдугаар сард 76 мянга, гуравдугаар сард 105 мянга, дөрөвдүгээр сард 110 мянга, тавдугаар сард 142 мянган ам.доллар болж зардал нэмэгдсэн байна. Үндсэндээ 108 хувиар буюу хоёр дахин зардал өссөн. 

Зардал өсөөд байгаа шалтгаан нь жилийн турш хийсэн нислэгүүддээ зардлаа хуваадаг байсан бол цөөхөн нислэг явагдаж байгаа учраас нэгж нислэгт ногдох зардал нь өсөж байна. Дээрээс нь гадаад улсын нисэх буудлууд дахь нислэг цөөрсөн учраас газрын үйл ажиллагааны зардал огцом өссөн. Гуравдугаарт, бидний нислэг үйлддэггүй чиглэл дэх газрын үйл ажиллагааны зардал өндөр байдаг. Тогтмол бус нэг удаагийн гэрээгээр зохицуулагддаг учраас үнэтэй.

Дээрээс нь сул зогсолт их байгаа. Манай нислэг очлоо гэхэд ажилтнуудаа дуудаж аваачиж ажиллуулдаг, амралтын өдрийн нислэг хоёр дахин нэмэгддэг гэх мэтчилэн үнийн өсөлт үүнд нөлөөлж байгаа. 

Тарифын хувьд Улаанбаатар-Сөүл чиглэл 432 ам.доллар байна. Манай өөрийн зорчигч, өмнө нь билет авсан зорчигчид 170-350 ам.долларын зөрүү төлж нисэж байгаа. Хамгийн өндөр буюу 350 ам.долларын зөрүү төлж байгаа зорчигч манай хямдралын үеэр буюу хавар, намрын цагт хямд билет авсан байсан. 200 гаруй ам.доллараар билет авсан байсан. Буцахдаа 100 ам.доллараа ашиглачихсан. Үлдсэн мөнгөө ашиглах гэхээр тухайн билет авсан нислэг нь биш тусгай үүргийн нислэг учраас зөрүү төлөх шаардлагатай болж байгаа. 
Хямд билет өмнө нь авсан зорчигчид үүнийгээ ашиглахгүй байлгаж байгаад дараа нь ашиглах боломжтой. 

МИАТ компани алдагдалтай хэр нь яагаад нисээд байгаа юм бэ гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ. Нэгдүгээрт, төрийн өмчит компанийн хувьд УОК-ын шийдвэрийн дагуу ажиллаж байна. Хоёрдугаарт, бидний хувьд үйл ажиллагааны зардлын алдагдал байгаа. Шууд зардлаа орлогоороо нөхөөд байгаа учраас нислэг хийж байгаа.  

Дэлхий даяар тийзний үнэ маш өндөр байгаа. “Корейн эйр”-ийн вэб сайтад Сиатл-Инчеон чиглэлийн нислэг нэг талдаа 2,000 ам.доллар, Чикаго-Инчеон чиглэлийн нислэг 1,200 ам.доллар байх жишээтэй" гэв. 

Мөн нислэгийн тариф болон бусад орны авиа компанийн хүсэлтийн талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Унгар, Чех, Малайз, Польш, Турк, Солонгосын тал шууд нислэгээ сэргээх хүсэлт тавьсан. Дэлхий даяар иргэний нисэхийн салбарын олон компани хүнд байдалд орж, зарим нь дампуурж байна. Энэ цаг үед хямд нислэг хийж байгаа авиа компани үндсэндээ байхгүй.

Тухайн компаниудын тавьж буй үнийн саналыг үндэсний агаарын тээврийн компанийн үнийн саналтай харьцуулж үздэг. Ингэхэд манай улсын үндэсний агаарын тээвэрлэгч хямд байдаг. Нэгдүгээрт, үнэ хямд байснаар иргэдэд очих санхүүгийн ачаалал багасна. Хоёрдугаарт, Монгол Улсад мөрдөгдөж буй халдвар хамгааллын болон 21 хоногийн тусгаарлалтын дэглэм нь тухайн иргэнийг онгоцонд суух цагаас нь эхэлж байгаа.

Өөрөөр хэлбэл, онгоцод суухдаа карантины журамд орж байна гэсэн үг. Халдвар хамгааллын дэглэмийг сахиулахын тулд ХӨСҮТ болон мэргэжлийн хяналтын байцаагч нар нислэгт явдаг. Энэ хугацаандаа тандалт судалгаа хийж, эрсдэлтэй хүмүүсийг тусад нь суулгаж, халдвар тараах эрсдлийг хамгийн доод түвшинд байлгаж байгаа. Хэрэв гадаадын авиа компани энгийн горимоороо нислэг үйлдлээ гэхэд тусгаарлах байранд хэрхэн хуваарилах нь маш удаашралтай болох болно" гэлээ.