Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ууганбаяр: Тарагны саванд гялгар ууттай, тортон дунд варены шилтэй архи хийгээд тусгаарлах байр руу нэвтрүүлж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр тусгаарлалтад байгаа иргэдийн талаарх мэдээллийг өглөө. 

Тэрбээр: “Баянхангай” амралтын газарт тусгаарлагдаж байсан иргэд архидан согтуурсан. Тэнд ихэвчлэн долдугаар сарын 2-ны өдрийн Солонгос улсын цагаачлалын албанд байсан хүмүүс байрлаж байгаа. Тэдгээр хүмүүс архи ууж, олон нийтийн газар орж бүжиглэсэн. Бид даруй шалгалт хийгээд зарим хүнийг тусгаарлах арга хэмжээ авсан. 

Нэмж хэлэх хэд хэдэн ноцтой зүйл бий. Ам нээвэл уушги нээ гэдэгчлэн хэлье. Сүүлийн үед тусгаарлах байранд байгаа иргэдийн гаргасан зөрчил маш их нэмэгдэж байгаа. “Баянхангай”-д байсан зарим хүн, тодруулбал зөрчил гаргасан найман хүн “Бид Солонгосын шоронгоос дор байранд байна. Яах гэж авчирсан юм бэ. Буцаад явна” гэсэн байсан. 

“Гоё” гэдэг тарагны таргийг нь асгаад дотор нь гялгар уутанд архи хийгээд тусгаарлах байр руу нэвтрүүлж байна. Тортны дотор варены шилтэй архи хийгээд төрсөн өдөр нь гээд гаднаас нь оруулсан. Тусгаарлах байранд байхдаа дэглэм их зөрчиж байгаа. Шөнө дунд 3-4 цагийн үед коридороор хэсээд бие биенийхээ өрөөнд орж байна. Хөзөр тоглож байна. Бид заримдаа хүч хүрэхгүй тохиолдол гарч байна. 

Зарим сувиллын газарт матрасан дээр нь хүүхдүүдээ шээлгэж байна. Гарахдаа хаалга, үүдийг нь эвдэлснээс зарим газрууд болъё гэж байна. Үхрийн гуяны шинэ махаар хоол иднэ гэдэг юм ярих юм. Бэлэн хоолон дотор 300 гр-тай архи хийгээд оруулчих юм. Энэ мэтчилэн маш олон асуудал байна. Бид энэ бүгдийг нь тэр болгон ярихгүйгээр дотооддоо зохицуулаад ажиллаж байгаа. 

Ийм зүйлийг битгий гаргаач гэж хүсье. 

Хандивын хувьд 6.8 орчим тэрбум төгрөгийн хандив цугларсан. Энэ хандиваас мэргэжлийн байгууллагууд нэг төгрөг ч ашиглахгүй. Бэлэн мөнгөний хандивын дийлэнх нь эрүүл мэндийн байгууллагын чадавхыг сайжруулахад чиглэгдэж байгаа. Энэ хандивт УОК, Шуурхай штаб оролцдоггүй юм. Зориулалтынх нь дагуу зарцуулж байгаа. 

Тусгаарлах байртай холбоотой олон асуудал байна. Тухайлбал, “Ивээлэн” сувилалд хоёр эмэгтэй хоолны мөнгөө төлөхгүй гээд олон асуудал гаргасан. 14 хоногийн турш бид хоолны дэглэм барьдаг гээд хоол идээгүй. Дараа нь долоо хоногийн хугацаанд төрөөс даахад “Одоо хоол иднэ” гээд махыг нь тоолох хүртэл хэмжээнд аашилсан. Өнөөдөр тэдний төлбөрийг барагдуулах гээд Сонгинохайрхан дүүргийн цагдаад хандаад араас нь явж байна. Бүр сүүлд нь Улсын Ерөнхий прокурорт нэг прокурор гаргаж өгөөч гэж хүртэл хандсан. 
Өр төлбөр барагдуулах шаардлагатай байгаа учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас нэг шийдвэр гүйцэтгэгчийг урьж ажиллуулж байна.