Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Тайландын цагдаа “Red Bull”-ийн өв залгамжлагчийн үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Тайландын цагдаагийн газар “Red Bull” брэндийн өв залгамжлагчид үүсгэсэн эрүүгийн хэргээ хэрэгсэхгүй болгон хааж байгааг өнөөдөр зарлажээ.

Гэмт хэрэгт сэжиглэгдэж байсан “Босс” хочит Ворают Ёовидхя нь “Red Bull” эрч хүчний ундааг үүсгэн байгуулагчийн ач хүү юм.

Түүний өвөө Чалео Ёовидхя 2012 онд 88 насандаа таалал төгсөхдөө $5 тэрбумын хөрөнгөтэй, Тайландын гурав дахь том баян байжээ.

Өв залгамжлагч Ворают 2012 онд 27 настайдаа Бангкок хотын гудамжаар хар өнгийн Феррари автомашинтай хурд хэтрүүлэн давхихдаа мотоциклтой цагдааг мөргөж, амийг нь хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байв.

 

Сэжигтэн цагдааг 100 орчим метр газарт чирч давхиад хэргийн газраас зугтсан гэдэг. Тайландын хуулийнхан өв залгамжлагч залууд нийт найман удаа зарлан дуудах хуудас илгээсэн ч ирээгүй тул хэрэг гарснаас хойш таван жилийн дараа баривчлах шийдвэр гаргаж байв. Гэвч цагдаа нар өнөөдрийг хүртэл баривчилж чадаагүй, сэжигтэн гадаад дотоодод чөлөөтэй зорчиж, Тайландын дээд зиндааны арга хэмжээнүүдэд оролцсоор байжээ.

Ворают эхэндээ гэрийн үйлчлэгчээ машиныг жолоодсон гэж мэдэгдэж байсан ч сүүлд өөрөө жолооны ард байсан нь тодорхой болсон юм.

Хэрвээ өв залгамжлагчид хариуцлага тооцож чадсан бол хурд хэтрүүлж, хүний аминд хүрсэн хэргээр 10 жил шоронд хоригдох ёстой байв.

Тайландын хөрөнгө мөнгө, эрх мэдэлтэй хүмүүсийн үйлдсэн гэмт хэрэгт хууль хүчнийхэн хариуцлага тооцож чадалгүй өнгөрдөг явдал нь тус улсын олон нийтийг бухимдуулдаг. Ард иргэд нь бүх хүнд хууль тэгш үйлчилдэг болгохыг байнга шаарддаг ч одоогоор ахиц дэвшил муутай байна. 

 

Эх сурвалж: Reuters