Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Цар тахлын үеийн хязгаарлах дэглэмийн 6 сар тутамд дэлхий даяар жендэрт суурилсан хүчирхийлэл 31 саяар нэмэгдэнэ гэх тооцоолол гарчээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хүн амын өдөр болон “Дэлхийн хүн амын нөхцөл байдал” тайлан гарсантай холбогдуулан Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангаас КОВИД-19 цар тахал Монголд болон дэлхий дахинаа охид эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар цахим уулзалт зохион байгууллаа.

НҮБ-ын Хүн амын сан, Хөдөлмөр,  нийгэм хамгааллын яам, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон тус уулзалтаар КОВИД-19 цар тахлын үед нэмэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлыг хэлэлцсэн юм.

Арга хэмжээнд Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Монгол дахь Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикава нар нээлтийн үг хэлэхээс гадна Монгол дахь Хүн амын сангийн Шадар суурин төлөөлөгч А.Илиза, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайд А.Ариунзаяа, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа нар оролцов. Уулзалтын үеэр тэдний хэлсэн үг, илтгэлүүдээс онцлон хүргэж байна.

КОВИД-19 цар тахлын үед жендэрт суурилсан хүчирхийлэл нэмэгдэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг ажилгүйдэл, нэмэлт асран халамжлах үүрэг хариуцлага, өдөр тутмын амьдралын хэмнэлд өөрчлөлт гарсан болон ахуйн хүрээний архидалт хэмээн үзэж буйгаа НҮБ-ын Хүн амын сангийн Шадар суурин төлөөлөгч А.Илиза илтгэлдээ онцлов.

"Цар тахал охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоох ололтуудыг хойш татахуйц нөхцөл байдал үүсээд байна"
 

Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишрагийн нээлтийн үгээс онцолбол:

  • КОВИД-19 цар тахал нь бидний өнгөрсөн арван жилд охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоох чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ололтуудыг хойш татахуйц нөхцөл байдал үүсээд байна. Хүмүүнлэгийн нөхцөл байдал, хямралын үед эмзэг бүлгийнхэн жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөх магадлал улам нэмэгддэг.
  • Хөл хорионы дэглэм Монголд КОВИД-19 цар тахал тархахгүй байхад чухал үүрэг гүйцэтгэж байна. Гэсэн хэдий ч үүний дүнд олон эмэгтэйчүүд, залуучууд аюултай нөхцөл байдалд орж байна.
  • Монгол даяар гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж, тусламж эрж буй хохирогчдын тоо нэмэгдэж байна.
  • Энэ онд дэлхий нийтээр цар тахалд өртсөн нь аливаа асуудал бэрхшээлийг давж, Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхийн тулд улс орны хил, салбар, нас насны хүмүүсийг хамарсан дэлхий нийтийн хамтын ажиллагаа шаардлагатай гэдгийг бидэнд эргэн сануулсан явдалж болж байна.
"Монгол Улсад КОВИД-19 цар тахлын дүнд үүсээд байгаа ноцтой асуудлуудын нэг яах аргагүй жендэрт суурилсан хүчирхийлэл"
 

Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикавагийн нээлтийн үгийн онцлох хэсгүүд:

  • Засгийн газраас эртлэн авсан арга хэмжээ, иргэдийн хариуцлагатай байдлын ачаар Монгол Улс КОВИД-19 цар тахлын тархалтыг амжилттай барьж байгаа. Гэвч Монгол Улсад КОВИД-19 цар тахлын дүнд үүсээд байгаа ноцтой асуудлуудын нэг яах аргагүй жендэрт суурилсан хүчирхийлэл юм.
  • Мөн хүүхдийн эсрэг бие махбод, сэтгэл санааны болон үл хайхрах хүчирхийлэл нэмэгдэж байна.
  • Хөл хорио тогтоож, сургуулиудыг хаах зэрэг цар тахлын эсрэг хамгаалалт, урьдчилсан сэргийлэлтийн дэглэмүүдтэй холбоотойгоор гэр бүлд сэтгэл зүйн болон эдийн засгийн дарамт нэмэгдэж, энэ нь цаашлаад гэр бүлийн хүчирхийлэл болох тохиолдол нэмэгдсээр байна.
  • НҮБ-ын Хүн амын сангийн тооцооллоор иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах дэглэм хүчинтэй байх зургаан сар тутамд дэлхий даяар жендэрт суурилсан нийт 31 сая орчим хүчирхийлэл нэмэгдэнэ гэсэн таамаг бий.
  • Энэ бол зөвхөн одоогийн нөхцөл байдал. Харин ирээдүйд “сүүдрийн цар тахал” гэгдэх асуудал үүнээс ч илүү муудаж болзошгүй. Иймд бид хамгийн эмзэг бүлгийнхэнд хүрч ажиллах ёстой.
  • Бид тусламж хэрэгтэй байгаа охид эмэгтэйчүүдэд амин чухал шаардлагатай үйлчилгээг цаг алдалгүй хүргэх шаардлагатай. Гэвч бид энэ бүхнийг бие даан хийж чадахгүй. Иймд бид Засгийн газар болон бусад хамтрагчдадаа охид эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг нэн тэргүүнд таньж, шаардлага хэрэгцээгээр хангахад чадах бүхнээ хийхийг уриалж байна.
 Хүчирхийллийг үл тэвчих хандлага олон нийтийн дунд нэмэгдэж байна
 

Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг Монгол Улсын Засгийн газрын зүгээс авч буй арга хэмжээний талаар Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын Сайд А.Ариунзаяагийн илтгэлээс онцолбол:

  • Хүчирхийллийн хохирогчдод зориулсан Нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрууд 20 аймаг, Улаанбаатар хотод байгуулагдан хүчирхийллийн хохирогчдод шаардлагатай цогц үйлчилгээг үзүүлэн улсын болон орон нутгийн төсвөөс 2019-2020 онд 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилттэй ажиллаж байна.
  • Олон нийтийн мэдлэг, хандлагад нөлөөлөх ухуулга нөлөөллийн аяныг салбар хоорондын хамтын ажиллагаагаар үндэсний хэмжээнд зохион байгуулснаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 2016-2020 оны хооронд 32%-аар буурч, зөрчил нэмэгдсэн нь хүчирхийллийг үл тэвчих хандлага олон нийтийн дунд нэмэгдэж, хүчирхийллийн тохиолдлыг мэдээлэх болсныг харуулж байна.
Оны эхний улиралд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 3,131 зөрчил шалгасан нь өмнөх оны мөн үеэс 61.6%-аар өссөн дүн

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариагийн илтгэлээс онцлох тоон үзүүлэлтүүдийг харвал:

  • Улсын хэмжээнд 2020 оны эхний сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 71 хувиар буурсан.
  • Оны эхний 3 сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас 3,131 зөрчил шалгасан нь өмнөх оны мөн үеэс 61.6%-аар өссөн дүн.
  • Цар тахлаас урьчилан сэргийлэх ажлын хүрээнд ариун цэвэр, халдваргүйтгэлийн хэрэгцээ нэмэгдэж байгаа.
  • Хамгаалах байрны зардал өсөж, санхүүжилтийн хомсдол үүссэн. Тодруулбал, хамгаалах байрны хоол хүнс, цахилгаан, халаалт, цэвэр бохирын хэрэглээний болон ажилтнуудын цалин гэх мэт бусад урсгал зардал нэмэгджээ.
НҮБ-ын Хүн амын сангаас хийсэн олон улсын судалгаагаар цар тахлын тусгаарлалт ирэх зургаан сарын турш үргэлжилбэл эрүүл мэндийн салбарт ихээхэн гарз хохирол учрах бөгөөд бага болон дундаж орлоготой орны нийт 47 сая эмэгтэй жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн хомстолд орж, цаашлаад 7 сая хүсээгүй жирэмслэлт бүртгэгдэж болзошгүйг анхааруулсан билээ.