Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ коронавируст цар тахлын эсрэг вакцин гаргавал аль болох богино хугацаанд Монголын талд нийлүүлэхийг хүслээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван энэ оны долдугаар сарын 23-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзав.

Элчин сайд Чай Вэньруй Гадаад харилцааны сайд Н.Энхтайванд үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван саяхан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярьж,  Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэх чиглэлээр санал солилцож, олон чухал тохиролцоонд хүрснээ тэмдэглэсэн юм. Ялангуяа цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ойр дотно хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэх сонирхлоо илэрхийлж, БНХАУ коронавируст цар тахлын эсрэг вакцин гаргасан тохиолдолд аль болох богино хугацаанд монголын талд нийлүүлэх хүсэлтийг тавив.

Гадаад харилцааны сайд, Элчин сайд нар хоёр талын харилцааг тогтвортой хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний айлчлал, уулзалт чухал болохыг тэмдэглэж, нөхцөл бүрдсэн үед дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэхээр ажиллах, Засгийн газар хоорондын комисс зэрэг механизмын уулзалтуудыг зохих хэлбэрээр зохион байгуулахаар тохиролцлоо.

Гадаад харилцааны сайд, Элчин сайд нар улс орнууд цар тахалтай хамтран тэмцэж буй амаргүй нөхцөл байдалд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх нь чухал болохыг онцлон тэмдэглэж, хоёр талын худалдааны харилцаа, томоохон төслүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээ илэрхийлэв.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам