Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Малайзын ерөнхий сайд аснаар $400 саяын татвар нөхөн төлүүлэх шүүхийн шийдвэр гарчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Малайз улсын шүүх тус улсын ерөнхий сайд асан Нажиб Разакаар 1.69 тэрбум рингитийн ($400 орчим сая) татварыг нөхөн төлүүлэх шийдвэр гаргажээ.

Энэ нь долоон жилийн хугацаанд төлөөгүй татварын хэмжээ юм байна. Малайзын засгийн газарт олон жил өндөр албан тушаал хашсан Разак 2018 оны парламентын сонгуульд нам нь ялагдсаны дараа огцорч, тус улсын баялгийн сан 1MDB-ийн олон тэрбумын хөрөнгийг завшсан хэрэгт шалгагдаж байгаа юм.

Зургаадугаар сард Малайзын татварын албаныхан 2011-ээс 2017 оны хооронд ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Нажибын төлөөгүй татварыг нэхэмжилж, шүүхэд хандаж байв.

Нажиб Разак 2009-2018 оны хооронд Малайзын ерөнхий сайдаар ажилласан юм. Энэ хугацаанд тэр 1MDB санг санаачлан байгуулж байв. Гэвч 2018 оны сонгуулийн дараа энэ сангаас $4.5 тэрбумтай тэнцэх хөрөнгө алдагдсан нь илэрсэн юм.

Долдугаар сарын 28-нд Малайзын шүүх түүнд тулгасан олон хэргийн эхнийхийг шүүх гэж байна.

 

Эх сурвалж: Reuters