Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын Рүүни-Б.Очирваань

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 7 сарын 23
iKon.MN
 

"Улаанбаатар сити" багийн тоглогч Батболдын Очирваань буюу Очироогийн түүхийг BBC агентлаг онцлон нийтэлжээ. Английн алдарт хөлбөмбөгчин Уэйн Рүүни шиг болохыг, хилийн чанадад тоглохыг хүсдэг монгол хүүгийн талаарх уг нийтлэлийг орчуулан хүргэж байна.  


Үүр дөнгөж хаяарах жихүүн өглөө өсвөр насны хүү өтгөн саарал утаан дундуур сургуульдаа явна. 

Өглөөний 06:00 цаг, гадаа -20 градус. Улаанбаатар хотын захад байрлах 107 дугаар сургууль үүдээ нээхэд хоёр цаг дутуу ч Очироод түлхүүр бий.

14 настай тэрбээр заалны гэрлийг асааж, бэлтгэлдээ ордог байв. Хана руу бөмбөгөө өшиглөх, гүйх, үсрэх зэргээр дасгалаа хийж, бага багаар сайжирч байлаа.

08:00 цаг дөхмөгц хувцсаа солиод заалнаас гарч, хичээлдээ орно. Хичээлдээ сууж байгаа ч хөлбөмбөгийн талаар мөрөөдсөөр л.

Очироо хөлбөмбөгчин болохыг хүсдэг. Гадаад руу нүүхийг ч мөрөөднө. Нэр нь самбарт гэрэлтэж байхыг, ядаж л өмсгөл дээр бичигдсэн байгаагаар төсөөлж, мөрөөдөлдөө автдаг байлаа.

 
Улаанбаатар хот, 2012 он

Очироогийн гэр бүл таван настай байхад нь Төв аймгаас Улаанбаатар хотод ирж суурьшсан аж. Бусад айлын адил анх хотод ирээд гэр хороололд төвхнөв.

Монголд хөлбөмбөг тийм түгээмэл спорт биш бөгөөд цаг агаараас шалтгаалан дотор тоглох боломжтой буюу бөх, сагсан бөмбөг зэрэг спортоор хөвгүүд их хичээллэдэг байна.

Ихэнх өсвөр настны адилаар Очироо Playstation-р FIFA тоглож, ах нар нь түүнд Манчестер Юнайтед багийн талаар ярьж өгдөг болсноор тэр ч бас энэ багийн хөгжөөн дэмжигч болж, Уэйн Рүүни шиг болохыг мөрөөдөн, хичээллэж эхэлсэн нь энэ.

Энэ спортыг сонирхож, хичээллэх болсноос хойш хоёр жилийн дараа телевизийн реалити шоунд оролцож, багт хүчин зүтгэхээр болжээ.

 

Монголд бизнес эрхлэгч эрхэм Батсүмбэрийн Энхжин бол хөлбөмбөгт хайртай нэгэн. Тиймдээ ч Монголд хөлбөмбөгийг хөгжүүлэхээр зориглож, 2013 онд "Баянгол" хөлбөмбөгийн багаа байгуулсан аж. Түүнд мэргэжлийн хүний тусламж хэрэгтэй байсан учир Англи мэргэжилтэн Пол Уотсонтой холбогдсон байна.

2013 оны аравдугаар сард Пол Монголд хүрэлцэн ирж, багт шинэ тоглогчдыг шалгаруулахаар болж, шалгаруулалтын явцыг "Мөрөөдлийн баг" хэмээх реалити шоу болгожээ.

Тус шоунд оролцогчдын нэг нь Очироо байсан юм. Хэдийгээр тэрбээр хамгийн авьяаслаг нь байгаагүй ч Энки болон Полд хүчин чармайлт нь онцгой сэтгэгдэл төрүүлсэн аж.

Энки “Гадаа маш хүйтэн, бас утаатай байсан. Биднийг 107 дугаар сургууль дээр очиход Очироо зааланд ганцаараа сандал руу үсэрч, хана руу бөмбөг өшиглөн бэлтгэлээ хийж байсныг нь би хэзээ ч мартахгүй" хэмээн дурссан юм.

Тэд энэ үед шийдвэрээ гаргаж, 16 настай байсан түүнийг багтаа авав.

 

“Баянгол” хөлбөмбөгийн баг амжилт үзүүлж, 2015 онд сонирхогчдын цомын тэмцээнд түрүүлсний дараагаар үндэсний дээд лигт дэвшжээ.

Ялалтаа тэмдэглэх оройн зоог дээр Очироо нэг л гунигтай, дуу муутай байлаа.

Энэ тухай Пол дурсахдаа “Тэр сэтгэлээр унасан харагдсан. Тэр бид бүгдэд юу болсноо дэлгэрэнгүй ярьж өгсөн” хэмээв.

Учрыг тодруулбал, Очироотой фейсбүүкээр дамжуулан Америкт байдаг гэх нэгэн агент холбогдож, Лос Анжелес Галакси багийн сонгон шалгаруулалтад оролцох санал тавьсан бөгөөд үүний тулд 6,000 ам.доллар төлөх ёстой гэжээ.

Шаардсан төлбөрийг төлсний дараа агент гэнэтхэн л холбоо тасарсан байна.

Тухайн үед тэрбээр Полд хэлж, асууж зөвлөх гэсэн боловч, хуурамч агент багийнхандаа хэлж болохгүй гэсэн байжээ.

Ингэж өсвөр насны хүүг өөрийгөө агент хэмээн нэрийдсэн хүн залилсан бөгөөд хамгийн хүнд асуудал нь гэрээ барьцаалж зээл авсан байсан тул тэднийх орон гэргүй болох аюултай нүүр тулаад байв.

 

Энэ бүгдийг сонссоны дараагаар Пол тухайн агенттай холбогдож, Лос Анжелес дахь хаягийг нь олж аван цагдаад хандсан ч үр дүнд хүрээгүй аж.

Товчхондоо, мөнгөний сураг хэдийнээ алдрав.

Мэхлүүлсэн анхны тоглогч нь тэр биш бөгөөд хэд хэдэн ийм тохиолдол гарчээ. Гэвч Очироо болон түүний гэр бүлд энэ нь том цохилт болов. Хэдийгээр оролдлого нь амжилт олоогүй ч Пол Очироод тусалж, мөнгийг нь олж өгөхийг шийдэж, хандив босгохоор Монголын хөлбөмбөгийн холбоонд хандан, бага багаар цуглуулж эхэлжээ.

Мөн Монгол дахь Манчестер Юнайтедын дэмжигчдийн клубийнхэн ч хандивт оролцсон байна. Ийнхүү Очироогийн гэр бүл аврагдсан юм.

Очироо "Залилуулсныхаа дараа би бүх итгэл найдвараа алдсан. Гэхдээ хандив босгох ажиллагаа, хүмүүсийн урам өгсөн үгс надад итгэлийг минь эргүүлэн авчирсан" хэмээн дээрх явдлын талаар дурсав.

 

Алдсан итгэлээ дахин олж авсан тэрбээр "Баянгол" багтаа тоглож байтал 2016 онд баг нь доод лиг рүү буурав.

2017 онд доод лигт тавдугаар байранд орсны дараагаа баг нь тарсан байна.

Бэртлийн улмаас 2018 оны улиралд талбайд гараагүй Очироо "Улаанбаатар сити" багтай гэрээ байгуулжээ. "Улаанбаатар сити" нь чинээлэг бөгөөд тоглогчдодоо цалин өгдөг цөөхөн багийн нэг. Тус баг 2019 онд үндэсний дээд лигт аваргалжээ.

Мөрөөдөж байснаараа Очироо Английн Премьер лиг, Манчестер Юнайтед багт тоглоогүй ч нэр нь аваргын өмсгөлийн ард бичигдсэн нь энэ билээ.

 

Пол "Энэ бол бодож байгаагаас тань ч илүү гайхалтай зүйл. Цэв хүйтэн зааланд бөмбөг өшиглөн өөртэйгөө бэлтгэл хийх нь хэн бүхний төсөөлж ч чадахгүй хүнд нөхцөл байдал.

Түүнчлэн хууртагдсан хүмүүс, мөрөөдлөө биелүүлэх боломж нөхцөл бага байгаа мэт санагдах хүмүүст энэ түүх урам зориг өгөх болно. Өөрийн улсын хамгийн шилдэг багийн төлөө тоглох нь туйлаас онцгой явдал” хэмээсэн юм.

107 дугаар сургуулийн зааланд ганцаараа бэлтгэл хийж байсан үеэс хойш олон зүйл өөрчлөгдсөн ч түүний зорилго хэвээрээ.

"Надад тусалсан бүх хүнд талархаж байгаагаа илэрхийлье. Би та бүхний урмыг хугалахгүйгээр хамгийн сайнаараа хичээх болно" хэмээн Очироо хэлэв.

 

 

Эх сурвалж: BBC