Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: Баянбууралд тусгаарлагдаж байсан иргэд тэндхийн ажилчидтай хавьтал болж, хамт караоке орсон байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын дараа ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Эдгэрч эмнэлгээс гарсны дараа дахин вирус илэрсэн иргэд одоо хаана эмчлүүлж байгаа вэ?

-ХӨСҮТ-д эмчлэгдээд эдгэрсэн хүмүүс одоогоор Энхсаран сувилалд тусгаарлагдаж байгаа. Эмнэлгээс эдгэрээд гарсан хүмүүсийг зөвхөн Энхсаран сувилалд байрлуулж буй бөгөөд тэнд байх хугацаанд нь дахин шинжилгээ хийж, вирусийг илрүүлсэн.

Одоогоор тэдгээр иргэний ажиглан тандах үйл ажиллагааг мэргэжлийн эмч нар зохион байгуулж байна.

-Эдгэрсэн ч буцаад вирус илэрсэн хэчнээн тохиолдол бүртгэгдсэн бэ?

-Эдгэрсэн хүмүүсээс дахин вирус илэрсэн тохиолдол 31 бүртгэгдсэн. Тэднээс есөн хүнийх нь ажиглалтын 14 хоног дуусаад гурван удаагийн давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй тул ажиглалтаас гарсан.

Коронавирусийн халдвар огт эдгэрэхгүй бус тодорхой хугацааны дараа вирус ялгаралт нь зогсож байна.

- Баянбууралын амралтад тусгаарлагдаж байсан хүмүүс тэндхийн ажилчидтай хавьтал болсон гэх мэдээлэл байна. Хавьтал болсон хүмүүсээс шинжилгээ авсан уу?

- Баянбуурлын амралтад 21 хоногийн тусгаарлалтад байсан иргэд тэндхийн ажилчидтай караокед орж, хавьтал болсон гэх мэдээлэл байна. Тухайн амралтад нийт 13 хүн тусгаарлагдсан.

Бид эрсдэлтэй бүс нутгаас ирсэн хүнтэй хавьтал болсон хүмүүсээс 5-6 хоногийн дараа шинжилгээ авах ёстой. Тиймээс тэднээс өнөөдөр шинжилгээ авна.

-Австралиас гүний уурхайд ажиллахаар ирсэн хүмүүсийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Австралиас 48 хүн ирсэн бөгөөд тэд ирэхээсээ өмнө коронавирус илрүүлэх шинжилгээ хийлгээд ирсэн.

Тухайн хүмүүсийг Улаанбаатар хотод тусгаарласан бөгөөд өнөөдөр давтан шинжилгээ авна.

-Тусгаарлалтаас гарсан ОХУ-ын иргэн нас барсан гэх мэдээллийг тодруулж өгнө үү?

-21 хоногийн тусгаарлалтаас гарсан ОХУ-ын иргэн 7-8 хоногийн дараа нас барсан. Одоогоор тухайн иргэний шинжилгээний хариу ирээгүй байна.

Ямартай ч тэр хүн коронавирусийн халдвартай байгаагүй. Учир нь 21 хоногийн хугацаанд 3 удаагийн шинжилгээгээр халдвар илрээгүй юм.

-Эдгэрээд одоогоор гэрийн ажиглалтад хэчнээн хүн байгаа вэ. Тэдгээр иргэнээс дахин халдвар илрэх эрсдэл бий юу?

- Эдгэрээд эмнэлэг, сувиллаас гараад одоогоор гэрийн ажиглалтад байгаа 126 хүн бий. Бид эмнэлгээс гарснаас хойш сувилал, гэрийн ажиглалт гээд сар орчмын хугацаанд тандаж буй.

Гэрийн ажиглалтад байгаа тэдгээр хүнд вирус илрүүлэх шинжилгээ хийхгүй.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1240423082960555

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.