Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

"БНСУ сүм, номын сан, музей зэрэг үйлчилгээний газруудаа Баасан гарагаас эхлэн нээх шийдвэр гаргасан"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс, орнуудын COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэв.

Өчигдөр дэлхий дахинд 213,600 тохиолдол, 4,000 гаруй нас баралт шинээр бүртгэгдлээ.

АНУ

АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэдээлснээр өчигдөр 57,700 тохиолдол, 473 нас баралт нэмж бүртгэгдлээ. Ингэснээр тус улсын хэмжээнд халдвар авсан хүний тоо 3,819,000 болж, 140,600 гаруй хүн энджээ.

Мөн АНУ-д халдвар авсан хүний бодит тоо бүртгэгдсэн тооноос 6-24 дахин өндөр байж болзошгүй гэжээ. Учир нь тус улсын зарим мужийн клиникийн үлдэгдэл сорьцуудад коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд Сан-Франциско хотын нэг хувь орчим, Нью Йорк хотын 6.9 хувьд нь эсрэг бие илэрсэн байна.

Бразил

Мягмар гарагт Бразил улсад шинээр 43,000 хүн халдвар авсан бол 1,367 нас баралт бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар тус улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тохиолдол 2,159,000 гаруй болсон байна.

Үүнээс 1.4 сая гаруй нь эдгэрсэн бол 81,000 гаруй хүн эндээд байгаа юм.

БНЭУ

Зүүн Өмнөд Азийн бүсийн Энэтхэг улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 37,100 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо нийт 1,155,000 гаруй болжээ.

Мөн тус улсад 28,000 гаруй нас баралт бүртгэгдээд байгаа юм.

Япон

Номхон далайн баруун бүсийн Япон улсад 633 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Үүний 233 нь тус улсын Канто бүсэд бүртгэгдсэн байна.

Япон улсын Эрүүл мэндийн яамнаас үрэвслийн эсрэг дааврын бэлдмэл Dexamethasone-ийг шинэ коронавирусийн эмчилгээний заавартаа нэмж оруулсан байна. Ингэхдээ Их Британи улсад хүндэрсэн өвчтөнүүдэд хэрэглэхэд нас баралтыг бууруулж байгаа гэх судалгаанд үндэслэжээ.

Уг эм шинэ төрлийн коронавирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэх албан ёсны баталгаажуулсан хоёр дахь эм болжээ.

Австрали

Австралийн холбооны улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 56,000 гаруй сорьцод шинжилгээ хийжээ. Тэдгээрийн 388-ынх нь хариу эерэг гарч, коронавирус илэрчээ.

Шинэ тохиолдлуудын дийлэнх нь буюу 374 нь Виктория мужид дангаараа бүртгэгдсэн.

БНСУ

Солонгос улсад өчигдөр шинээр 63 хүн коронавирусийн халдвар авч, нэг хүн нас барлаа. Шинэ тохиолдлуудын 26 нь дотоод дахь халдвар байсан бөгөөд 16 нь Сөүл хотод бүртгэгдсэн байна. Сүүлийн үед Сөүл хотод өндөр настны халамжийн газар халдварын голомт шинээр бий болоод буй бөгөөд одоогоор 12 хүн халдвар авсан нь батлагдаад байгаа юм.

Гэхдээ тус улс сүмүүдийн үйл ажиллагаатай холбоотой халдварыг цомхтгож чадсан гэж үзэж буй тул зургаадугаар сарын 10-ны өдрөөс хойш хориглосон байсан сүмийн цуглааны хоригийг энэ Баасан гарагаас эхлэн цуцлахаар болсон.

Түүнчлэн номын сан, музей зэрэг олон нийтийн соёл үйлчилгээний газруудыг нээхээр шийдвэрлэжээ.

БНХАУ

БНХАУ-ын эх газарт өчигдөр 14 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Тэдгээрийн 9 нь БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах бүс нутагт бүртгэгдсэн бол 5 нь гаднаас зөөвөрлөгджээ.

Харин өчигдрийн байдлаар зургаадугаар сарын 11-ний өдрөөс хойш Бээжин хотод бүртгэгдсэн 335 тохиолдлоос 238 нь эдгэрээд байгаа аж.

Хонг Конгт

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс болон Хонг Конгт өчигдөр 60 шинэ тохиолдол бүртгэгдэж халдвар авсан хүний тоо 2,019 болжээ.

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/1240423082960555

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.