Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Италийн хамгийн жижиг тосгонд найман жилийн дараа хүүхэд мэндэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Италийн хамгийн жижиг тосгон гэгддэг Ломбарди мужийн Мортеронед өнгөрсөн Ням гарагт Дэнис нэртэй хүү мэндэлсэн нь тус тосгонд сүүлийн найман жилийн хугацаанд төрсөн цорын ганц хүүхэд болжээ.

Ердөө 28 оршин суугчтай тосгоныхон шинэ хүнээ баяр хөөртэй угтаж авсан байна.

“Манай тосгоны хувьд маш том үйл явдал болж байна” гэж Мортеронегийн захирагч Антонелла Инверницци орон нутгийн хэвлэлд ярьжээ.

Дэнисийн эцэг эх болох Маттео, Сара нар гэрийнхээ хаалганд уламжлал ёсоор хөх өнгийн тууз тогтоож, хүү мэндэлснийг зарласан байна. Охин төрвөл ягаан тууз тогтоодог уламжлалтай.

Хамгийн сүүлд Мортеронед 2012 онд охин төрж байжээ.

Ломбарди нь Италийн коронавирусийн тахлын голомт болж байсан нутаг ч вирус Мортероне тосгонд хүрэлгүй өнгөрсөн юм. 

Захирагч Инверниццигийн аав саяхан нас барснаар тосгоны оршин суугчдын тоо 28 болж буураад байсан нь ийнхүү шинэ хүнээр нөхөгдөж 29 болжээ.

Итали нь хүн амын хөгшрөлтөөр дэлхийд тэргүүлдэг улсуудын нэг юм.

Дэнис хүүг мэндлэхээс хэдхэн хоногийн өмнө гаргасан статистик тоо баримтад өгүүлснээр 2019 онд Италид нийт 420,170 хүүхэд мэндэлсэн нь хүн амын өсөлтөө бүртгэж эхэлсэн 1861 оноос хойшх хамгийн доод үзүүлэлт болжээ.

 

Эх сурвалж: The Guardian