Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19 ба дэлхийн эдийн засаг долдугаар сард

Т.Саран, iKon.mn
2020 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг

COVID-19 цар тахал гарснаас хойших 28 долоо хоногийн хугацаанд дэлхийн эдийн засаг орвонгоороо өөрчлөгдсөн.

Тэгвэл долдугаар сарын 9-ний байдлаар томоохон улс орнуудын эдийн засгийн нөхцөл байдал, төлөв ямар байгаа талаарх тойм мэдээллийг Монголбанкны нэгтгэснээр хүргэж байна. 

Хөл хорио хэр удаан үргэлжлэхээс хамааран төсөөлөл муудах магадлалтай 

Энэ сарын 7-нд нийтлэгдсэн “Европын эдийн засгийн төсөөлөл: 2020 оны зун” тайланд Евро бүсийн эдийн засаг 2020 онд 8.7 хувиар агшиж, 2021 онд 6.1 хувиар өсөх,
Европын холбооны эдийн засаг энэ онд 8.3 хувиар агшиж, ирэх онд 5.8 хувиар өсөх төсөөлөлтэй байна.

Энэ нь өмнөх улирлын төсөөллөөс муудсан үзүүлэлт юм. Цаашид COVID-19-ийн тархалт, хөл хорио хэр удаан үргэлжлэхээс хамааран төсөөлөл муудах магадлалтай бөгөөд ийм эрсдэл өндөр байгааг онцлов.

Гадаад худалдаанаас өндөр хамааралтай хөгжиж буй орнуудад хүнд цохилт болохыг онцлов

АНУ-ын Конгрессын судалгааны төвөөс “COVID-19-ийн дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөө” судалгааны тайланг долдугаар сарын 2-нд нийтэллээ.

Уг тайланд COVID-19-ийн хоёр дахь давалгаа үүсэхгүй тохиолдолд дэлхийн эдийн засаг энэ онд 3-6 хүртэлх хувиар агших төлөвтэй гэжээ. Эдийн засгийн уналт хэр гүн байхаас шалтгаалан дэлхий нийтийн худалдаа 13-32 хувиар буурч, гадаад худалдаанаас өндөр хамааралтай хөгжиж буй орнуудад хүнд цохилт болохыг онцлов.

W хэлбэрийн эдийн засгийн хямралыг нөхцөлдүүлж болзошгүй

Bank of America-ийн дэлхийн эдийн засгийн долдугаар сарын 2-ны мэдээлэлд дэлхийн эдийн засаг энэ онд 4.1 хувиар агших, ирэх жил 5.8 хувиар сэргэхээр төсөөлж байгааг дурджээ.

COVID-19-ийн тархалт нэмэгдэж, шинээр хөл хорио, “Нийгмийн хязгаарлалт” баримтлах шаардлагууд тавигдаж байгаа нь W хэлбэрийн эдийн засгийн хямралыг нөхцөлдүүлж болзошгүй гэж тус банк үзэж байна.

Германд сэргэлт ажиглагдаж байна

ХБНГУ-ын аж үйлдвэрлэл энэ оны тавдугаар сард өмнөх сараас 7.8 хувиар өсөж, сэргэлт ажиглагдаж эхэллээ. Энэхүү өсөлтийг хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн үйлдвэрлэл голлон бүрдүүлсэн байна.

Хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэл өсөлттэй байгаа бол завсрын бүтээгдэхүүн үйлдвэрлэл буурсан байна. Жилийн дүнгээр аж үйлдвэрлэл 4-р сард 25 хувиар
агшаад байсан бол 5-р сард -19.3 хувь болж агшилт саарчээ. 

Хөдөлмөрийн захын сэргэлт үргэлжилж байна

АНУ-д хөл хориог сулруулж, хөдөлмөрийн захын сэргэлт үргэлжилж байна. Чөлөөт цаг, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ, боловсруулах үйлдвэрлэл, мэргэжлийн
болон бизнесийн зөвлөгөө өгөх үйлчилгээний секторуудад ажил эрхлэлт нэмэгджээ. Түүнчлэн, ажилгүйдлийн түвшин тавдугаар сард 13.3 хувь байсан бол зургаадугаар сард 11.1 хувь болж буурлаа.

Ажил эрхлэлтийн оролцооны түвшин тавдугаар сард 60.8 хувиас зургаадугаар сард 61.5 хувь болж нэмэгджээ. Цагийн хөлс зургаадугаар сард өмнөх сараас 1.2 хувиар буурсан бол жилийн дундаж цалин тавдугаар сард 6.7 хувь буураад зургаадугаар сард 5% болж бууралт нь багасчээ. 

БНХАУ-ын эдийн засагт гарч буй өөрчлөлтүүд

Азийн нэгдсэн PMI индекс зургаадугаар сард өмнөх сараас нэмэгдэв. Үүнд Австрали, БНЭУ, Японы үйлчилгээний PMI индекс тавдугаар сард 30-аас доогуур түвшинд хадгалагдсан бол өнгөрсөн сард 26.2, 21.1, 17.6-ээр тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

БНХАУ-ын Шанси, Шаанси, ӨМӨЗО-ны нүүрсний нийт үйлдвэрлэл оны эхний 5 сард 226 сая тонн хүрч БНХАУ-ын нийт үйлдвэрлэлийн 70.8 хувийг бүрдүүлэв. Түүнчлэн Шанси, Шаанси мужийн үйлдвэрлэл оны эхний 5 сард өмнөх оны мөн үеэс 2.7 хувь, 23.6 хувиар тус тус нэмэгдсэн бол Өвөрмонголын үйлдвэрлэл 3.5 хувиар буурав. Зөвхөн 5-р сарыг авч үзвэл Өвөрмонголын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 8.9 хувиар буурсан бол Шанси, Шаанси мужуудын үйлдвэрлэл 0.7 хувь, 22.1 хувиар тус тус нэмэгджээ.

Нүүрсний импортын хориг чангарсан нөлөөгөөр 5-р сард БНХАУ-ын нүүрсний нийт импорт 22.06 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 19.7 хувиар буурлаа. Харин оны эхний 5 сард нийт импорт 149 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 16.9 нэмэгдэв.

  • БНХАУ-ын эрчим хүчний нүүрсний импорт 5-р сард 17.3 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 20 хувиар буурав. БНХАУ-ын 
  • Индонезоос импортолсон эрчим хүчний нүүрсний хэмжээ өмнөх оны мөн үеэс 15.8 хувиар буурч 5-р сард 11.1 сая тоннд хүрсэн
  • Австралиас импортолсон эрчим хүчний нүүрсний хэмжээ 3.23 сая тоннд
  • ОХУ-аас импортолсон нүүрсний хэмжээ 2.02 сая тоннд
  • Монгол Улсаас импортолсон нүүрсний хэмжээ 0.13 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 16.5, 39.2, 13.3 хувиар тус тус буурав.

БНХАУ-ын коксжих нүүрсний нийт импорт 5-р сард 4.8 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 19.1 хувиар буурав. БНХАУ-ын

  • Австралиас импортолсон коксжих нүүрсний хэмжээ 5-р сард 2.07 сая тоннд
  • Канадаас импортолсон коксжих нүүрсний хэмжээ 0.52 сая тоннд хүрч 49.6 хувь, 44.5 хувиар тус тус  нэмэгдсэн бол
  • Монгол Улсаас импортолсон коксжих нүүрсний хэмжээ 1.71 сая тоннд, ОХУ-аас импортолсон нүүрсний хэмжээ 0.37 сая тонн болж 51.6 хувь, 37.1 хувиар тус тус буурчээ.