Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-ын хөгжүүлж буй вакцин нэг тунгаар л эсрэг биет хангалттай үүсгэнэ гэж судлаачид үзжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа коронавирусийн эсрэг дэлхий дахинд хийгдэж буй үр дүнтэй вакцины талаарх мэдээллээс хүргэв.

"Нэг болон хагас тун вакцин хийлгэсэн хүмүүст үүссэн эсрэг биеийн түвшин ижил байсан"

1. БНХАУ-ын Cansino biologics компани болон тус улсын Цэргийн анагаах ухааны академийн харьяаны Био технологийн хүрээлэнтэй хамтран хөгжүүлж буй "Ad5-nCoV" нэртэй вакцины эмнэл зүйн хоёрдугаар шатны туршилтын үр дүн гарчээ.

Уг вакцины эмнэл зүйн нэгдүгээр шатны туршилт БНХАУ-ын Ухань хотод гуравдугаар сард хийгдсэн бол хоёрдугаар шатны судалгаанд 508 хүнийг хамруулжээ.

Судалгаагаар туршилтад оролцогчдын биед 14, 28 хоногийн дараа эсрэг бие болон саармагжуулагч эсрэг бие илэрч байсан. Мөн нэг тун болон хагас тун хийлгэсэн хүмүүст үүссэн эсрэг биеийн түвшин ижил байсан тул уг вакцины хувьд нэг тун хангалттай гэж судлаачид дүгнэсэн байна.

Вакцин хийлгэсэн хүмүүст ноцтой гаж нөлөө илрээгүй, ялангуяа хагас тун хийлгэсэн хяналтын бүлэгт гаж нөлөө бараг гараагүй аж.

Иймд тус вакцины гуравдугаар шатны эмнэл зүйн туршилтыг ОХУ, Бразил, Чили, Саудын Араб зэрэг халдвар өндөр байгаа улсуудад хийхээр болсон байна.

"Оксфордын их сургуулийн вакциныг хийлгэснээс хойш 56 хоногийн дараа ч эсрэг биеийн түвшин өндөр байсан"

2. Их Британий Оксфордын их сургууль болон АстраЗенека компанийн хөгжүүлж буй 1,077 хүнийг хамруулсан вакцины үр дүнгийн талаар нийтлэгджээ.

Уг вакцины туршилтад хамрагдсан хүмүүст 14 хоногийн дараа дархлааны хариу урвал ажиглагдсан бол вакцин хийлгэснээс 28 хоногийн дараа эсрэг биеийн түвшин дээд цэгтээ хүрсэн үр дүн гарчээ. Хамгийн гол нь вакцин хийлгэснээс 56 хоногийн дараа ч эсрэг биеийн түвшин өндөр хэвээр байсан байна.

Түүнчлэн туршилтад оролцогчдод эхний тунг хийхэд 90 хувьд нь вирусийг саармагжуулах эсрэг биет үүсэж байсан бол 10 хүн нэмэлтээр хоёр дахь тунг хийхэд эсрэг бие үүсэж байжээ.

Мөн вакцин хийлгэсний дараа 70 хувьд нь толгой өвдөх, бие сулдах зэрэг гаж нөлөө хөнгөн байдлаар илэрч байсан бөгөөд тэр үед нь халуун буулгах эм өгөхөд л шинж тэмдэг нь хялбар дарагдаж байсан гэж судлаачид тэмдэглэсэн байна.

Иймд уг вакциныг урьдчилсан байдлаар хүний эрүүл мэндэд ноцтой гаж нөлөөгүй гэж дүгнэсэн бөгөөд вакциныг эрүүл хүмүүст тарьж хэрэглэдэг тул аюулгүй байдлыг батлах хүртэл үргэлжлүүлэн судлах шаардлагатай гэж үзсэн аж.

Эргэн сануулахад, тус вакцины сүүлийн шатны туршилтад АНУ-ийн 30,000, Бразил улсын 5,000, Өмнөд Африкийн 2,000 хүнийг тус тус хамруулахаар төлөвлөсөн билээ.

Видео:

https://www.facebook.com/191166414402268/videos/3418226931736122

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.