Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Чимэдбат: Жилд 500 гаруй хүн зам тээврийн ослоор амиа алддагийн 60 хувь нь аялал зугаалгатай холбоотой

Өдрийн сонин
2020 оны 7 сарын 21
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ч.Чимэдбаттай ярилцлаа.

-Сүүлийн арван хэдэн хоногт хэдэн арван хүн авто ослоор амь үрэгдлээ. Дайны байдалтай оронд ч ийм олон хүн өдөрт амь эрсдэж байгаа тухай мэдээ сонсогдохгүй байна. Он гарсаар зам тээврийн ослоор нийт хэчнээн хүн амь насаа алдаад байна вэ?

-Монголчууд жолоо барихдаа хэтэрхий хэнэггүй, тоомжиргүй байна.

Өдөр болгон авто ослоор хүн нас барж байна гэдэг мэдээ гарч байна. Авто ослоор хүн нас барлаа гэдэг мэдээ хүлээж авахдаа айхаа больж, дасал болжээ. Яг өөр дээр нь өөрийн ах дүү, гэр бүл нь осолд орж байж ойлгодог нь харамсалтай.

Ялангуяа монгол залууст хүний доор орохгүй гэсэн муухай зан байна. Хажуугаар нь өнгөрөхдөө жаахан шахаад гарчихвал өмнө нь гарах гээд уралдаад давхиад байдаг. Үр хүүхэд, хайртай гэр бүлээ авч яваагаа мартчихдаг.

Хашаан дотроо хүртэл хүүхдээ дайрсан олон осол гарлаа шүү дээ. Дорнод аймагт он гарсаар дөрөв, байна уу таван удаагийн тохиолдол байна. Хашаа руугаа орохдоо хүүхдээ дайрчихдаг. Хашаанаасаа гарах гэж ухрахдаа хүүхдээ дайрчихдаг. Тийм хэнэггүй, хайхрамжгүй байна.

Өөрсдөө бүсээ зүүгээд ард сууж байгаа хүүхдүүд нь сул явж байдаг. Цагдаа харангуутаа бүсээ зүүж байгаа үйлдэл бол нүд хуурах гэж тэр шүү дээ. Зогсоогоод хэлэхээр би зүүсэн байна гээд үзүүлээд байдаг. Хүүхдүүдийнхээ амь нас эрүүл мэндийг боддоггүй.

Машинд сууж байгаа хүн бүсээ зүүх ёстой гэдгийг мэддэг хэр нь биелүүлдэггүй.

Хагас жилийн байдлаар улсын хэмжээнд нийт 180 хүн зам тээврийн ослоор нас барлаа. Нийслэлд 50, орон нутагт 130 хүн нас барсан тоон мэдээлэл байна. Улсын хэмжээнд жилд дунджаар 500 гаруй хүн зам тээврийн ослоор амь насаараа хохирдог.

Өөрөөр хэлбэл, таны хэлдгээр дайн байлдаангүй тайван орон гэхэд хэтэрхий олон хүн авто ослоор амиа алдаж байгаа нь харамсалтай байна. Үүний 60 орчим хувь нь аялал жуулчлал, амралт, зугаалгын үетэй давхцаж зургаадугаар сараас есдүгээр сарын хооронд амь насаа алддаг. 90 хувь нь орон нутгийн замд гардаг осол.

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын сахилга батгүй, хариуцлагагүй үйлдэл буюу тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байх, хүн тээвэрлэх журам зөрчих, цагдаагийн байгууллагаар шаардуулж бүсээ хагас дутуу зүүдэг, зорчигчид хамгаалах бүс зүүлгэдэггүй, мөн цаашлаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддог гэх мэт зүйлсээс шалтгаалаад ноцтой зам тээврийн осол, хэргүүд орон нутгийн замд маш их гарч байна.

Хамгийн сүүлийн жишээг дурдвал долдугаар сарын 10-нд Завхан аймгийн нутаг дэвсгэрт Увс аймгаас Эрдэнэт хот руу чиглэж явсан “Alphard” маркийн машин онхолдсон. Үүнд зорчиж явсан долоон зорчигч газар дээрээ амь насаа алдсан. Хариуцлагагүй нэг хүнээс болж тухайн автомашинд зорчиж явсан хүмүүс бүгд амь насаа алдаж байгаа харамсалтай хэргүүд их гарч байгаа.

-Баяр наадмын үеэр орон нутгийн чиглэлд ачаалал өмнөх жилүүдээс их байсан уу. Нэлээд олон хүн эндсэн томоохон ослууд ч гарсан байсан?

-Баяр наадмын өдрүүдээр гэхэд л 230 мянга гаруй тээврийн хэрэгсэл Нийслэлээс гарсан. Энэ нь өнгөрсөн жилүүдийн баяр наадмын өдрүүдтэй харьцуулахад 55 орчим хувиар их тоо.

Энэ нь мэдээж “Ковид-19" цар тахлын үеэрх хөл хориотой холбоотой. Өнгөрсөн оны баяр наадмын өдрүүдээр зам тээврийн ослоор 23 хүний амь эрсэдсэн. Энэ жилийн баяр наадмын өдрүүдээр 25 хүн амь насаа алдсан. Мөн орон нутагт мотоциклтой зам тээврийн осол хэргүүд их гарч байна. Он гарсаар 53 хүн мотоциклтой явж байгаад амь насаа алдсан тоон мэдээлэл байгаа.

Манай улсад мотоциклын стандарт одоогийн байдлаар байдаггүй. Стандарттай болох талаар холбогдох байгууллагууд ажиллаж байгаа. Мотоциклын малгайны стандарт гэж байдаг. Гэсэн хэдий ч хөдөлгөөнд оролцож буй жолооч, зорчигч тухайн стандартад нийцсэн малгайг хэрэглэдэггүй. 

-Цагдаагийн байгууллагаас зам тээврийн ослыг бууруулахын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ бий юү?

-Цагдаагийн байгууллагаас урьдчилсан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр маш олон төрлийн арга хэмжээг зохион байгуулаад явж байна.

Өнгөрсөн жил Орон нутгийн зам- Хөдөлгөөний соёл арга хэмжээний хүрээнд “Яараад яахав дээ” аяныг зохион байгуулсан. Энэ жил дахин зохион байгуулж байна. Өнгөрсөн онд энэ арга хэмжээний үеэр хүний амь нас эрсэдсэн, гэмтсэн зам тээврийн осол хэрэг 30 гаруй хувиар буурсан.

Зуны улиралд, баяр наадмын үеэр орон нутгийн замд амь насаа алдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор бодит арга хэмжээг зохион байгуулсны үр дүн. Зургаадугаар сарын 15-наас аравдугаар сарын 15 хүртэл үргэлжилсэн. Өнгөрсөн жил жолооч руу хандаж зохион байгуулсан бол энэ жил зорчигч руу хандан энэхүү аяныг зохион байгуулж байна.

Он гарсаар 53 хүн мотоциклтой явж байгаад амь насаа алдсан тоон мэдээлэл байгаа. 

Таны сууж яваа тээврийн хэрэгслийн жолооч нойрмоглож байна уу, холын гэрэлтэй явж байна уу, тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн үү, хурд хэтрүүлсэн үү, ядарсан байна уу гэдэг талаар зорчигч өөрөө жолоочид хяналт тавьж өөрийнхөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй.

Нийслэл хотод өнгөрсөн намар “Дураараа биш дүрмээрээ” аяныг зохион байгуулсан. Арга хэмжээ иргэдэд хүрч байгаа боловч жолоочийн өөрийн хариуцлагагүй байдлаас шалтгаалж осол буурахгүй байна. Зам тээврийн осол хэрэг жолоочийн, хувь хүний төлөвшилтэй их хамааралтай байдаг.

-Энэ зам тээврийн ослын шалтгаан нь зөвхөн жолооч гэлтгүй замын эвдрэлтэй холбоотой байна уу?

-2019 онд хийсэн судалгаагаар нийт гарч буй зам тээврийн ослын 97.7 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс хамаардаг, шалтгаалдаг гэж тогтоогдсон. Орон нутгийн замд жолооч ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолооддог, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгадаггүй, зорчигчдыг буруу тээвэрлэдэг, хамгаалах бүс хэрэглэдэггүй зэргээс хамаардаг.

Нийслэл хотоос гарах товчоо дээр бид баярын өдрүүдээр эрчимжүүлэн ажилласан, одоо ч ажиллаж байна. Жолооч, эсвэл зорчигч хамгаалах бүсээ хэрэглээгүй байвал энэ товчоодоор гаргахгүй гэсэн чиглэлийг барьж ажиллаж байна. Цагдаа цонхыг нь тогшоод ард сууж буй зорчигчид хандаж та бүсээ зүү гэж сануулахад жолооч нь би зүүчихсэн гэж хариулж байна.

Арын суудалд сууж буй хүмүүс бүсээ зүүж огт хэвшээгүй. Ард суухаар аюулгүй байдал хангагдчихсан, аюулгүй юм шиг мэдрэмж төрж байдаг.

Гэтэл үнэндээ зам тээврийн ослын үед тээврийн хэрэгслийн хаалга хүчтэй цохилтын улмаас өөрөө автоматаар онгойдог. Энэ үед хойно сууж явсан хүмүүс хаалгаар шидэгдэж, эсвэл тээврийн хэрэгсэлд дарагдаж амь насаараа хохирдог.

Ноцтой зам тээврийн ослын дараа хамгаалах бүс зүүсэн жолооч эсэн мэнд, ард сууж явсан бүс зүүгээгүй хүмүүс амь насаа алдах тохиолдол маш их гарч байна.

Зам тээврийн ослыг хүмүүс замтай их холбож ойлгодог. Мэдээж замын эвдрэл гэмтэл тодорхой хэмжээгээр хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлнө. Гэсэн ч зам энгийнээр хэлбэл толь шиг дардан байвал бүрэн бүтэн байдал нь хангагдаагүй тээврийн хэрэгслийн жолооч үүрэглэх, хурд хэтрүүлэх улмаар зам тээврийн осол гарах өндөр магадлалтай.

Яагаад бүрэн бүтэн байдал нь хангагдаагүй гэж хэлж байна гэхээр манай улсад ашиглагдаж буй тээврийн хэрэгслүүдийн дийлэнх нь 20 буюу түүнээс дээш жил хэрэглэгдэж буй тээврийн хэрэгслүүд байдаг. Эвдрэл ихтэй зам дээр жолооч тухайн саадыг тойрч байгаа учраас нойрмоглохгүй, хурдаа зөв тохируулж байдаг учраас осол гарах магадлал бага. Зөвхөн нэг талаасаа энэ.

Гэхдээ энэ бол зам эвдэрхий байх ёстой гэсэн үг биш юм. Нөгөө талаасаа цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж эвдэрч гэмтсэн зам дээр тээврийн хэрэгсэлтэйгээ усанд живэх, замын хажуу руу онхолдох зэрэг ослууд бүртгэгддэг. Нийт бүртгэгдэж буй зам тээврийн ослын нэг орчим хувь нь замаас шалтгаалдаг.

-Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, зам тээврийн ослын үед өөрийгөө хамгаалах арга замуудаас та хэлж өгөөч?

-Жолооч тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хөдөлгөөнд оролцохоосоо өмнө шалгах шаардлагатай. Тээврийн хэрэгслүүд зуны улиралд өвлийн дугуй зөөлөн гээд сольдоггүй. Гэтэл дугуй өөрөө олон төрлийн зориулалт, чанартай, өөрийн стандарт хугацаатай байдаг. Үүнийг жолооч нар төдийлөн сайн мэддэггүй.

Зуны дугуй халуунд зориулагдсан учраас хатуу байдаг. Өвлийн дугуй хүйтэнд хөлдөхгүй тулд зөөлөн хийтэй байдаг. Халуунд зөөлөн хийтэй явж байгаад буудах тохиолдол маш их байдаг.

Иймээс жолооч тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг маш сайн анхаарах хэрэгтэй. Мөн хөдөлмөр амралтын горимыг дагаж мөрдөх. Хоёр цаг яваад 30 минут амрах, дахиад хоёр цаг яваад бүрэн зогсолт хийх шаардлагатай.

Хурдны дээд хязгаарыг хоёр тээврийн хэрэгсэл хоорондоо зөрж өнгөрөх үеийн салхины хүч, замын өргөн зэргээс хамаарч тогтоодог.

Цагдаагийн байгууллагаас орон нутгийн замд ихээхэн анхаарал хандуулж ажилладаг. Арга хэмжээ авах гэхээсээ илүү зөрчлийг арилгах зорилгоор ажиллаж байгаа. Иймээс хөдөлгөөнд оролцож буй иргэд, жолооч, зорчигчид өөрсдөө ухамсартай байх ёстой.

Зорчигчид тээврийн хэрэгслийн хамгаалах бүсийг заавал зүүх шаардлагатай. Бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэх шаардлагатай.

Мэдээж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож огт болохгүй. Орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослын ерөнхий шалтгаан нь тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэх.

Зарим жолооч 80 км/ц миний автомашины хурд хүчинд, моторын хүчин чадалд багадаж байна гэдэг. Хурдны дээд хязгаарыг хоёр тээврийн хэрэгсэл хоорондоо зөрж өнгөрөх үеийн салхины хүч, замын өргөн зэргээс хамаарч тогтоодог. Манай улсын тээврийн хэрэгслийн замуудын дийлэнх нь 7 метр өргөнтэй. Үүн дээр тээврийн хэрэгслүүд зөрж өнгөрнө. Тээврийн хэрэгсэл гэдэгт унадаг дугуй, ердийн хөсөг ч багтана.

 

Ярилцсан: Х.Цэнд, Б.Гэрэлмаа

Зураг