Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Япончуудын дийлэнх нь Токио 2020 наадмыг дахин хойшлуулах, эсвэл бүрмөсөн цуцлахыг дэмжиж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Энэ оны зун зохион байгуулагдах ёстой байсан Токио 2020 зуны олимпийн наадам нэг жилээр хойшилсон нь коронавирусийн цар тахалтай холбоотой билээ.

Тэгвэл Ням гарагт Японы Kyodo мэдээллийн агентлагийн явуулсан санал асуулгад оролцогчдын 23.9 хувь нь олимпийн наадмыг ирэх онд зохион байгуулах хэрэгтэй гэж хариулсан байна.

Харин 36.4 хувь нь дахин хойшлуулах, 33.7 хувь нь бүрмөсөн цуцлахыг дэмжжээ.

Судалгаанд оролцогчдын ихэнх нь цар тахал ирэх оны зун гэхэд дарагдах эсэхэд эргэлзэж байгаагаас сөрөг хариулт өгсөн байна.

Асахи Шимбун сониноос явуулсан өөр нэг судалгаанд оролцсон япончуудын 33 хувь нь олимпийг заасан хугацаанд зохион байгуулахыг дэмжсэн бол 61 хувь нь дахин хойшлуулах, эсвэл бүрмөсөн цуцлахыг дэмжжээ.

Олон Улсын Олимпийн Хороо (ОУОХ) гуравдугаар сард Токио 2020 наадмыг хойшлуулах шийдвэр гаргасан нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойшх анхны тохиолдол байв.

Хэдийгээр олон нийтийн санаа бодол ийм байгаа ч Японы зохион байгуулах хороо олимпийн наадмыг дахин хойшлуулалгүй, 2021 оны зун зохион байгуулна гэсэн байр суурьтай байна.

ОУОХ-ы ерөнхийлөгч Томас Бах саяхан Токио 2020 нь коронавирусийн цар тахлын дараах дэлхий нийтийн анхны цугларалт болох ёстой гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: AFP