Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин коронавирусийн эсрэг вакцин хийлгээгүйг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед ОХУ-д бүтээгдэж буй коронавирусийн эсрэг вакциныг тус улсын элит давхаргын хүмүүс хийлгэсэн гэсэн цуу яриа тарах болсон байна.

Тэгвэл энэ цуурхалтай холбоотойгоор ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин вакцин хийлгээгүйг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч өчигдөр мэдэгджээ.

“Ерөнхийлөгч вакцин хийлгээгүй. Шинэ вакцинд сертификат олгоогүй байгаа. Төрийн тэргүүн баталгаажаагүй вакцин хийлгэх нь зөв зүйл биш гэж би бодож байна” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдийн асуултад хариулсан байна.

Түүний мэдэж байгаагаар ОХУ-ын засгийн газры баялгийн сан болох Оросын Шууд Хөрөнгө Оруулалтын Сангийн захирал Кирилл Дмитриев сайн дураараа вакцины туршилтад оролцсон гэнэ.

Тус сан коронавирусийн эсрэг вакцин бүтээх Оросын төслийг санхүүжүүлж байгаа юм.

Дмитрий Песков өөрөө коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүн. Тиймээс тэр өөрт нь вакцин хийлгэх шаардлага байхгүйг энэ үеэр хэлжээ.

“Вакцин бэлэн болох үед хамгийн түрүүнд эмзэг бүлгийнхэн хамрагдах нь тодорхой” гэж Песков тайлбарласан байна.

 

Эх сурвалж: ТАСС