Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Оксфордын их сургуулийн бүтээсэн вакцин дархлаа үүсгэж чаддаг нь туршилтаас харагджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Оксфордын их сургуулийн бүтээж буй коронавирусийн эсрэг вакцин хүний биед дархлаа үүсгэж чаддаг нь туршилтаас харагджээ.

Туршилтад оролцсон 1,077 хүний биед коронавирустэй тэмцэх эсрэг биетүүд болон T-cell гэгддэг цусны цагаан эсүүд үүссэн байна.

Эрдэмтэд энэ үр дүнг маш том ахиц дэвшил гэж үзэж байгаа юм.

Одоо вакцины хамгаалах чадварыг баталгаажуулахын тулд илүү олон хүнийг хамарсан туршилт явуулах ажээ. Их Британийн засгийн газар Оксфордын их сургуульд 100 сая тун вакцин урьдчилж захиалаад байгаа юм.

ChAdOx1 nCov-19 гэж нэрлэгдсэн уг вакциныг түүхэнд байгаагүй  хурдтай бүтээж байна. 

Шимпанзе бичийг өвчлүүлдэг ердийн ханиадны вирусийг генетикийн инженерчлэлийн арга хэрэглэн өөрчлөх замаар вакциныг бүтээжээ. Коронавирустэй адил ажиллагаатай ч аюулгүй уг вирусийг хүний биед халдаасны дараа дархлааны систем хэрхэн тэмцэх аргад “суралцдаг” байна.

Цусны цагаан эсийн хэмжээ вакцин хийснээс хойш 14 хоногийн дараа дээд түвшиндээ хүрсэн бол эсрэг биетийн хэмжээ 28 өдрийн дараа оргил түвшиндээ хүрчээ.

Туршилтын үр дүнг харах хангалттай хугацаа байгаагүй тул дархлаа цааш хэр удаан хадгалагдах нь тодорхой болоогүй байна.

Туршилтад оролцсон хүмүүсийн 90 хувьд нэг тун вакцин тариулсны дараа дархлаа тогтож байсан бол ердөө 10 хүн хоёр тунгийн дараа дархлаатай болжээ.

Вакцин хийлгэхэд хүний биед сөрөг нөлөө бага. Гэхдээ туршилтад оролцсон хүмүүсийн 70 хувьд халуурах, толгой өвдөх үзэгдэл ажиглагджээ.

Үүнийг парацетамолоор дарж болно гэж судлаачид үзэж байна.

Дараагийн шатны туршилтыг Британид зохион байгуулж, 10,000 гаруй хүнийг оролцуулах юм. Гэхдээ Британи улсад сүүлийн үед коронавирусийн тархалт буурч байгаа тул вакцины үр дүнг хангалттай харж чадахгүй байх магадлалтай гэж үзээд өөр улс орнуудыг нэмж хамруулахаар төлөвлөжээ.

Тархалт өндөр байгаа АНУ-д 30,000, Бразилд 5,000, Өмнөд Африк  2,000 хүнийг хамруулахаар болсон байна.

Энэхүү өргөн хүрээний туршилтын үр дүн 2020 онд багтаж гарах юм. Гэхдээ бүх нийтийг хамруулсан вакцинжуулалт хамгийн эртдээ ирэх оноос наашгүй гэж үзэж байна.

Үүнээс өмнө цар тахалтай тэргүүн эгнээнд тэмцэж буй эмнэлгийн ажилтнуудыг хамруулах төлөвтэй байгаа ажээ.

Оксфордын их сургуулиас гадна АНУ, Хятадад бүтээгдэж байгаа вакцинууд мөн үр дүнтэй нь харагдаж эхэлсэн байна.

 

Эх сурвалж: BBC