Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

ХБНГУ, Канад, Куба, АНЭУ, Израил, Кувейт зэрэг орны төр, засгийн тэргүүн нараас Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлсэн байна

ikon.mn
2020 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт ХБНГУ, Канад, Куба, АНЭУ, Израйл, Кувейт зэрэг орнуудын  төр, засгийн тэргүүн нараас баярын мэндчилгээ ирүүллээ.

ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.-В.Штайнмайер Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад баярын мэндчилгээ илгээж “Онцгой итгэлцэл, уламжлалт нягт хамтын ажиллагаа Монгол-Германы харилцааг тодорхойлж байгаад миний бие баяртай байна. Аюулгүй байдлын бодлогын чиглэл дэх хамтын ажиллагаа, монгол-германы ашигт малтмалын салбарын түншлэл үүний олон жишээний зөвхөн хоёр нь юм” хэмээн онцлон тэмдэглэв.

Канадын Амбан захирагч Жюли Пает Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад илгээсэн баярын мэндчилгээндээ “Монголын ард түмэн Ковид-19 цар тахлын үед ч үндэсний бахархал, эв нэгдлийн баяр наадмаа телевиз, олон нийтийн сүлжээгээр шууд дамжуулан шинэлэг байдлаар тэмдэглэх тухай сонсоход таатай байна. Энэ жилийн Үндэсний их баяр наадам өмнөх жилүүдийн нэгэн адил өнгөрсөн хугацаанд гаргасан хичээл зүтгэл, хүрсэн ололт амжилт, танай улсыг тодорхойлох зарчим, үнэт зүйлсийг эрхэмлэсэн баяр байх болно гэж харж байна” гэв.

Энэ жил манай улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойгоо тэмдэглэж буй Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел “Монгол Улсын Үндэсний баяр наадмыг тохиолдуулан Танд чин сэтгэлийн баяр хүргэхийн зэрэгцээ хоёр талын харилцааг үргэлжлүүлэн бэхжүүлэхэд бэлэн гэдгээ дахин илэрхийлье” хэмээсэн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ирүүллээ.

АНЭУ-ын Ерөнхийлөгч Шейх Халифа бин Заид Аль-Нахъян Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад баярын мэндчилгээ илгээж “Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэмсэг ноён Танд болон монголын найрсаг ард түмэнд чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлэхийн сацуу эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсч, Монгол Улсад хөгжил цэцэглэлийг ерөөе”  гэв.

Израил Улсын Ерөнхийлөгч Риви Ривлин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ирүүлсэн мэндчилгээндээ манай хоёр орны дотно харилцаа, бат бөх нөхөрлөлөөр бахархаж байдгаа дурдан хамтын ажиллагаагаа цаашид олон салбарт  үргэлжлүүлэн бэхжүүлэхэд найдаж буйгаа илэрхийлэв.

Кувейтийн Эмир Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабах Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Үндэсний баяр наадмыг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, манай хоёр орон, ард түмний хоорондын найрсаг харилцаа улам бүр хөгжиж буйд тааламжтай байгаагаа илэрхийлэн баяр хүргэлээ.

Израил Улсын Парламентын дарга Ярив Левин УИХ-ын дарга Г.Занданшатарт баярын мэндчилгээ илгэээж, дэлхий нийтийн хамтын ирээдүйн төлөөх олон улсын хамтын ажиллагааны шаардлага, хүчтэй түншлэл урьд өмныхөөс илүү чухлаар тавигдаж байгааг чухалчлав.

Мөн тус улсын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ирүүлсэн баярын мэндчилгээндээ “Манай Засгийн газар Монгол, Израилийн найрсаг харилцааг бэхжүүлэхийн төлөө байна. Бид хамтын ажиллагаагаа нэгдмэл эрх ашиг бүхий олон салбарт хамтдаа өргөжүүлэн хөгжүүлж чадна” хэмээн онцлон тэмдэглэв.

 

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ