Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Цогбадрах: Тарваган тахал нь шууд хавьтал, дам халдвар, агаар дусал, хоол хүнсээр дамжин халдварладаг

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 20
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Тарваган тахал өвчний онц идэвхжилтэй үе энэ жил таарч байгааг мэргэжлийн байгууллагууд сануулж, ард иргэдэд тарвага агнахгүй байх, хүнсэндээ хэрэглэхгүй байхыг анхааруулсаар байгаа юм. 

Манай улсад долдугаар сард тарваган тахлын гурван /Ховд аймагт хоёр, Говь-Алтай аймагт нэг/ тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагдаад байна.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах "Энэ сард Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай хүүхэд тарваган тахлын өвчлөлөөс болж нас барсан. Ховд аймгийн Цэцэг суманд хоёр тохиолдол гарч, улмаар хүндэрч булчирхайн тахал, уушгины хэлбэрт хүндэрч цаг алдалгүй эмчлүүлсний дүнд биеийн байдал нь сайжирч байна.

Мөн Булганы Хишиг-Өндөр сумаас өчигдөр ирсэн иргэн тарваганы мах идсэн гэх өгүүлэмжтэй ирж, тусгаарлалтад орсон бөгөөд тарвага тахал өвчин илрээгүй. Хэдийгээр тарваган тахал илрээгүй ч нийслэл хот руу зөөвөрлөн орж ирэх тохиолдол гарахыг үгүйсгэхгүй.

Учир нь тарваган тахал нь шууд хавьтал, дам халдвар, агаар дусал, хоол хүнсээр дамжин халдварладаг учир өвчин туссан хүн бусдад тараах магадлал их.

Өөрөөр хэлбэл, байгалийн голомтод гоц аюулт халдварт өвчин болох тарваган тахал нь “COVID-19” халдварт цар тахлаас дутахгүй аюулт өвчин гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй" гэлээ.