Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Хууль бус ан агнууртай холбоотой зөрчил гаргасан хүнд Зөрчлийн болон Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцож байна"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/НМХГ/-аас хууль бус ан агнууртай тэмцэх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэдэг. 

Уг шалгалтыг МХЕГ-аас гаргасан удирдамжийн дагуу авто тээврийн шалгах бүртгэх товчоод болон нийслэлийн ногоон бүс, томоохон зах, худалдааны төвүүдэд хийдэг бөгөөд илэрсэн зөрчлүүдийн талаар НМХГ-аас өнөөдөр танилцууллаа.

НМХГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Сонин-Эрдэнэ "2019 онд нийт 100 гаруй зөрчил, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлж ажилласан. Харин 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хийж буй шалгалтын явцад 30 орчим удаагийн зөрчлийг илрүүлж, зөрчил гаргасан этгээдэд Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцож байна.

2020 оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-ний хооронд

  • саарал чонотой холбоотой хоёр,
  • шар үнэгтэй холбоотой нэг,
  • бор туулай, зэрлэг гахайтай холбоотой нэг,
  • ятуу шувуутай холбоотой нэг,
  • ховор амьтан болох алтайн хойлог шувуутай холбоотой зургаан удаагийн зөрчил,
  • таван халиун бугын чивтэй холбоотой нэг удаагийн зөрчил,
  • гурван тул загастай холбоотой нэг удаагийн зөрчил болон бусад 25 загастай холбоотой 3 удаагийн зөрчлийг илрүүлсэн" гэлээ.

Мөн долдугаар сарын 1-нээс хойш тарваган тахал баруун аймгуудад илэрсэнтэй холбогдуулж, нийслэлийн Онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын дагуу хяналт тавих хөдөлгөөнт эргүүлийг нэмж ажиллуулж байгаа аж.

Энэ хүрээнд нийт 5,400 орчим тээврийн хэрэгслийг хяналт, шалгалтад хамруулж, 14,400 орчим иргэний ачаа тээш болон худалдан борлуулж буй бараа бүтээгдэхүүнд хяналт хийжээ.