Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: Эдгэрсэн хүнээс дахин вирус илрэх тохиолдол манай улсад ч гарч байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүнээс дахин вирус илэрч байгаа тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

"Эдгэрсэн хүмүүс дахин халдвар тараана, тараахгүй гэдгийг дэлхий дахин тайлж чадаагүй" 

Тэрбээр “Эдгэрсэн хүн 30,40 хоногийн дараа эргээд вирус ялгаруулах тохиолдол дэлхийн улс, орнуудад олон гарч буй. Ийм асуудал манай улсад ч тохиолдож байна.

Тийм ч учраас бид 40-60 хоног эмчлэгдээд эдгэрсэн хүнээс 4, 5 удаагийн шинжилгээ авч, хариу нь сөрөг гарсан бол эмнэлгээс гаргаж буй. Дараа нь дахин 14 хоног сувилалд тусгаарлаж байгаа.

Эдгэрсэн хүмүүс дахин халдвар тараана, тараахгүй гэдгийг дэлхий нийт одоогоор тайлж чадаагүй байна. Үүнийг иргэд маш зөвөөр ойлгох хэрэгтэй.

Бид эдгэрсэн хэрнээ дараа нь давтан шинжилгээнээс нь вирус илэрч буй хүмүүсийг ажиглан тандаж, давтан шинжилгээнүүдийг байнга авч буй бөгөөд ард иргэдийнхээ дунд энэ халдварыг алдахгүйн тулд халдвар судлалынхаа заалтаар ажиллаж байна” гэсэн юм.

 "Коронавирус нь архаг хэлбэрт шилжиж, тухайн хүний дархлаа унавал дахин сэдэрдэг байж болзошгүй"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Коронавирусийн халдвар бол дэлхий дахины өмнө шинээр гарч ирсэн. Маш олон эрдэмтэн судлаачид энэ вирусийг судалж байгаа ч одоогоор тодорхой болсон зүйлүүд нь маш бага.

Бусад орнуудад ч эдгэрч гарсан хүнээс дахин вирус илэрсэн тохиолдол олон бий.

Тухайлбал, АНУ-д эдгэрээд эмнэлгээс гарсаны дараа дахин вирус илэрсэн 10 мянган тохиолдол бүртгэгдсэн.

Мөн Испани, Италид халдвар аваад эдгэрсэн 61 мянган хүнийг хамруулсан судалгаагаар тэдгээр хүмүүс эдгэрсэний дараагийн гурван сард коронавирусийн эсрэг дархлаа нь 81 хувьтай байсан ч дахин гурван сар өнгөрөхөд 16 хувь болж буурсан байна.

Харин БНСУ-д яг ийм тохиолдол 116 бүртгэгдсэн бөгөөд эдгэрчихээд 56 хоног өнгөрсөний дараа вирус дахин илэрсэн байсан. Гэхдээ үүнийг дахин халдвар эсвэл эргээд сэдэрсэн эсэхийг тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл, энэ асуудал одоогоор тайлагдаагүй.

Солонгосын эмч нар эхний судалгаагаараа коронавирус нь элэг, ДОХ-ын вирус шиг архаг хэлбэрт шилжиж, тухайн хүний дархлаа унаж, ядарвал дахин сэдэрдэг байж болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлсэн.

Тиймээс өвчлөөд эдгэрсэн хүн дахин халдвар авч болзошгүй учир хүн хоорондын зай барьж, амны хаалт зүүх дүрмийг маш сайн мөрдөх нь зүйтэй” гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/2676814355893580

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.