Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаад худалдаа ашигтай байсан ч урсгал данс $869 саяын алдагдалтай гарлаа

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2020 оны эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 869 сая ам.доллар буюу 2.5 орчим их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 378 сая доллар буюу 77%-аар өссөн үзүүлэлт юм. 

Урсгал данс ийнхүү алдагдалтай гарахад үйлчилгээний худалдааны тэнцэл 568.9 сая америк доллар анхдагч орлогын данс 260 сая америк долларын алдагдалтай гарсан нь голлон нөлөөлсөн байна. 

Санхүүгийн дансны тэнцэл 2020 оны эхний таван сард мөн 11.3 сая америк долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс 625.6 сая америк доллароор буурчээ. 

Төлбөрийн тэнцэл 2019 оны эхний таван сард 233.6 сая америк долларын ашигтай байсан бол 2020 оны эхний 5 сард өмнөх оны мөн үеэс 1.4 тэрбум америк доллароор
буурч, 1.1 тэрбум америк долларын алдагдалтай байна. 

Ийнхүү Монгол Улс 2020 оны эхний хагас жилд 135 улстай худалдаа хийж, гадаад худалдаа 368.2 сая америк долларын ашигтай байсан ч урсгал данс алдагдалтай гарлаа. 

Урсгал дансны тогтвортой байдал нь төлбөрийн тэнцэл сайжрах, гадаад валютын нөөц нэмэгдэх, валютын ханш тогтвортой байх, хөрөнгө оруулалт, ажил эрхлэлт нэмэгдэх буюу эдийн засгийн дархлаа бэхжих суурь хүчин зүйл юм.

Монгол Улс 2006-2017 оны хооронд 9 жилд нь урсгал дансны алдагдалтай байж ирснийг Монголбанк танилцуулж байв. Энэ нь дэлхийн улс орнуудтай харьцуулахад харьцангуй урт хугацаанд алдагдалтай явж ирсэн гэсэн үг. 

Урсгал данс урт хугацаанд их хэмжээний алдагдалтай байх нь эдийн засагт дараах сөрөг үр дагавруудыг бий болгох эрсдэлтэй. Үүнд:

  • Эдийн засаг дахь гадаадын харьяатын эзэмшил/авлагыг нэмэгдүүлэх
  • Дотоодын хуримтлал үүсэхгүй байх
  • Дотоодын валютын ханшийг сулруулах
  • Гадаад валютын өр төлбөртэй секторуудын өрийн дарамтыг өсгөх
  • Гадаад валютын сөрөг позицтой байгууллагуудын ашигт ажиллагааг бууруулах
  • Хэрэглэгчдийн худалдан авах чадварыг бууруулах
  • Гадаад өрийн дарамтийг нэмэгдүүлэх
  • Хөрөнгө оруулагчдын итгэл буурах, цаашлаад хөрөнгийн гарах урсгал бий болох
  • Гадаад валютын нөөц багасах,
  • Хөрөнгө оруулалт, ажил эрхлэлт буурах зэрэг багтана.