Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп: АНУ-д илэрсэн Covid-19 халдварын тохиолдлуудын дийлэнх нь “хамрын ханиад”

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Fox News Sunday” нэвтрүүлэгт оролцохдоо бас коронавирусийн цар тахлын нөхцөл байдлын талаар ярьжээ.

Тэрбээр энэ үеэр АНУ-д хамгийн олон халдварын тохиолдол илэрч байгаа нь оношилгоог их хэмжээгээр хийж буйтай шууд холбоотой гэж тайлбарласан юм.

Дэлхийн аль ч улс орноос хол илүү тооны хүн оношилж чадаж байгаа нь Америкчуудын амжилт гэж тэр ярьжээ.

Харин хөтлөгч Крис Уоллос өнгөрсөн хугацаанд оношилгооны тоо 37 хувиар нэмэгдсэн ч халдварын тоо Америк даяар 194 хувиар өссөн гэх тоо баримтыг сануулахад Трамп “Эдгээр тохиолдлуудын дийлэнх нь хамрын ханиад байгаа. Ханид хүрсэн залуус өдөртөө эдгэрч байна. Миний тооцоолж байгаагаар нийт тохиолдлуудын 99.7 хувь нь тэр дороо эдгэрч байгаа” гэж тайлбарласан байна.

Гэхдээ мэргэжлийн байгууллагуудын тоо баримт Трампын ярьсныг няцааж байгаа юм.

Тухайлбал өнгөрсөн нэг сарын хугацаанд өдөрт илэрдэг байсан халдварын тоо 25,000-аас 66,000 болж нэмэгджээ. Үүнд оношилгооны тоо хэмжээ хамааралгүй нь харагдаж байгаа юм.

Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд өдөрт нас барсан хүний тоо 473-аас 768 болж нэмэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар АНУ даяар коронавирусийн халдварын нийт 3.7 сая тохиолдол бүртгэгдэж, 140,000 гаруй хүн нас бараад байна.

 

Эх сурвалж: Fox News