Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Манай улсын баруун хязгаартай хиллэдэг БНХАУ-ын Шинжаан Уйгурт коронавирусийн тохиолдол бүртгэгдэж эхэлсэн"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Дэлхийн улс, орнуудын COVID-19 халдварын нөхцөл байдлыг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцуулав.

Өчигдөр дэлхий дахинд 259,800 гаруй хүн шинээр халдвар авч, 7,300 гаруй хүн нас барлаа. Энэ нь цар тахал анх дэгдсэнээс хойш 24 цагийн хугацаанд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

АНУ

Долдугаар сарын 18-ны өдөр АНУ-д 74,700 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 918 хүн нас барлаа.

Ингэснээр тус улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо өссөн дүнгээр 3,630,000 гаруй болж, 138,700 гаруй хүн энджээ.

АНУ-ын Холбооны Засгийн газарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий багаас тархалт хамгийн өндөр байгаа 18 муж улсад нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааг сэргээж, үйлчилгээний газруудыг нээх шийдвэрийг хойшлуулах зөвлөмж гаргахаар болсон байна.

Мөн одоогоор тус улсын 39 мужид амын хаалт заавал зүүхийг шаардаж байгаа бол 10 гаруй муж улсад зөвлөмж болгосон хэвээр байна.

Бразил

Бразил улсад өчигдөр 28,500 гаруй тохиолдол, 921 нас баралт шинээр бүртгэгдлээ.

Ингэснээр тус улсын батлагдсан халдварын тоо 2,074,000 болсон. Үүнээс 1,342,000 гаруй хүн эдгэрчээ.

Одоогоор 653,000 хүн идэвхтэй халдвартай байна гэж Бразилын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

БНЭУ

Дэлхийн хэмжээнд халдвар авсан хүний тоогоор гуравдугаар бичигдэж буй Энэтхэг улсад өчигдөр шинээр 33,800 гаруй хүн халдвар авжээ.

Тус улсад бүртгэгдсэн халдварын тоо 1,038,000 гаруйд хүрээд байна.

Япон

Номхон далайн баруун бүсийн Япон улсад өчигдөр 662 шинэ тохиолдол бүртгэгдлээ.

Тэдгээрийн 290 нь дангаараа Токио хотод бүртгэгдсэн байна.

Австрали

Австралийн холбооны улс өнгөрсөн 24 цагийн хугацаанд 63,000 гаруй сорьцод шинжилгээ хийсний үр дүнд 233 шинэ тохиолдлыг илрүүлэн бүртгэжээ.

Шинэ тохиолдлуудын дийлэнх нь буюу 215 нь Виктория мужид бүртгэгдсэн байгаа юм. Мөн өдөр хоёр хүн эндсэн байна.

БНСУ

Солонгос улсад өчигдөр 34 шинэ тохиолдол, нэг нас баралт нэмж бүртгэгдлээ.

Шинэ тохиолдлуудын 21 нь дотоодынх нь халдвар бол 13 нь гаднаас зөөвөрлөгджээ.

Сүүлийн үед БНСУ-д гаднаас зөөвөрлөгдөж байгаа халдварын тохиолдлын дийлэнх нь Ирак улсад хөдөлмөр эрхэлж байсан солонгос иргэд нутаг буцаж байгаатай холбоотой аж.

БНХАУ

Харин БНХАУ-ын эх газарт шинээр 16 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд шинэ тохиолдлуудын 13 нь Шинжаан Уйгурын Өөртөө Засах бүс нутагт бүртгэгдсэн байна.

Бямба гарагийн байдлаар тус бүс нутагт нийт 30 тохиолдол батлагдаад байгаа. Тухайн бүс нутагт шинээр халдвар бүртгэгдэж эхэлсэн учир Ухань хотоос 21 хүний бүрэлдэхүүнтэй баг Өрөмч хотод очиж ажиллаж байгаа аж.

БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах бүс нутаг нь манай улс баруун хязгаараараа хиллэдэг учраас иргэд сонор сэрэмжээ дээшлүүлэхэд анхаарах ёстой.

Харин зургаадугаар сарын 11-ны өдрөөс хойш Бээжин хотод батлагдсан 335 тохиолдлоос дахин 13 нь эдгэрч эмнэлгээс гарчээ. Ингэснээр тухайн голомтот халдвараас 203 нь эдгэрээд байна.

Хонг Конг

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонг Конгт өчигдөр 64 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Тэдгээрийн 60 нь дотоодынх нь халдвар байна.

Сүүлийн үед Хонг Конгт батлагдсан тохиолдлуудын зарим нь тархвар зүйн хувьд хүнсний захтай холбоотой байсан учраас Хонг Конгийн Хүнс, орчны эрүүл ахуйн газраас нийт 12 хүнсний захад гүн ариутгал, халдваргүйтгэл хийж эхэлжээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/1413482292171913

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.