Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Азербайжан-Армений мөргөлдөөнтэй зэрэгцэн ОХУ баруун өмнөд хил дээрээ байлдааны сургуулилалт явуулж эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

ОХУ баруун өмнөд хил дээрээ зэвсэгт хүчний бэлэн байдлыг шалгах байлдааны сургуулилалт явуулж эхэлснийг тус улсын батлан хамгаалахын сайд өчигдөр Азербайжаны батлан хамгаалахын сайдтай утсаар ярихдаа мэдэгджээ.

Үүнийг армийнхаа байлдааны бэлэн байдлыг шалгах ердийн үйл ажиллагаа гэж тодорхойлоод одоо үргэлжилж байгаа Азербайжан-Армений зөрчил мөргөлдөөнтэй ямар ч холбоогүй гэж ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Азербайжаны батлан хамгаалахын сайд Сакир Хасановт таййбарласан байна.

Байлдааны сургуулилалтад 150,000 орчим цэрэг, 400 нисэх онгоц оролцож байгаа ажээ.

Өнгөрсөн Ням гарагт Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Өвөр Кавказын хоёр улсын хооронд хилийн мөргөлдөөн эхэлсэн юм. 

Одоогоор хоёр талаас нийт 16 хүн амь үрэгдсэн гэсэн тоо бий.

Азербайжаны нэг хэсэг боловч салангид оршдог, армени үндэстэн голдуу суудаг газар нутаг болох Нагорно-Карабахаас үүдэлтэй зөрчил хоёр улсын хооронд олон жил үргэлжилж байгаа.

Орос улс хоёр улсад галаа зогсоохыг уриалж, энхийн хэлэлцээрт зуучлах санал тавьсан юм. 

ОХУ нь Армени улсыг Өвөр Кавказын бүс нутаг дахь стратегийн түншээ гэж үздэг бөгөөд цэргийн бааз нь байрладаг. Сүүлийн өдрүүдэд Азербайжан, Армени улсууд харилцан нэг нэгнийхээ стратегийн ач холбогдолтой дэд бүтцүүдэд довтлохоор сүрдүүлээд байна.

Хэрвээ Мингечавирын усны нөөцийн байгууламж руу нь Армени улс довтолбол Мецаморын цөмийн цахилгаан станц руу нь цохилт өгнө гэж Азербайжан улс саяхан мэдэгджээ.

Армений ерөнхий сайд Никол Пашинян өчигдөр Азербайжаны энэ анхааруулгыг тус улсын эсрэг төдийгүй дэлхий дахины эсрэг терроризм үйлдэхээр сүрдүүлсэн хэрэг гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Reuters