Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын Хабаровск хотод мужийн захирагчийг суллахыг шаардсан иргэдийн жагсаал хоёр дахь удаагаа боллоо

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Бямба гарагт ОХУ-ын Алс Дорнодын Хабаровск хотод баривчлагдсан мужийн захирагчаа суллахыг шаардсан 10,000 орчим иргэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ.

Өнгөрсөн долоо хоногийн Бямба гарагт анхны ийм жагсаал болж байв. Хабаровск мужийн захирагч Сергей Фургалыг өнгөрсөн долоо хоногт баривчлан Москвад хүргэсэн юм. Түүнийг 15 жилийн өмнө орон нутгийн бизнесмэнүүдийн амийг захиалж хөнөөлгөсөн гэж буруутгаж байгаа.

Фургал нь Либерал Ардчилсан Намын гишүүн бөгөөд 2018 оны сонгуулиар эрх баригч Нэгдсэн Оросын намын нэр дэвшигчийг ялж, захирагч болсон юм. Тэрбээр өнгөрсөн хугацаанд төрийн албыг цомхотгох, зардлыг танах зэрэг шинэчлэлтүүдийг хэрэгжүүлсэн нь орон нутгийн иргэдийн талархлыг хүлээж байжээ.

Хэрвээ буруутай нь тогтоогдвол Фургал бүх насаар хоригдох ял сонсох өндөр магадлалтай байна. 

Өчигдөр жагссан иргэдийн зарим хэсэг нь Фургалыг суллахыг шаардаж, зарим нь шүүх хурлыг нээлттэй, ил тод явуулахыг шаардаж байв.

Өнгөрсөн долоо хоногийн Бямба гарагт Хабаровск хотод 10,000-12,000 хүн жагссан гэж орон нутгийн захиргаа мэдээлжээ. Харин өчигдөр 10,000 хүрэхгүй тооны хүн жагсаалд оролцсон байна.

Орон нутгийн хэвлэлүүд үүнээс арай олон хүн жагссан гэж мэдээлжээ. Жагсаал тайван болж, ямар нэг баривчилгаа явагдаагүй байна.

 

Эх сурвалж: Reuters