Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Ховд аймгийн Үенч суманд үхсэн тарвагаар тоглосон 6 настай хүүхдийн шинжилгээний хариу гарч, тахлын халдвар биш нь тогтоогдлоо"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс/ЗӨСҮТ/ тарваган тахлын сэжигтэй тохиолдлуудын шинжилгээний хариуг танилцуулж, зөвлөмж өглөө.

ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах "Өнгөрсөн хоногуудад ЗӨСҮТ нь Кентавр, Жаргалант, Зүчи, Корпорэйт, Төв аймгийн Алтанбулагт дугаар цэргийн ангид тусгаарлагдаж байгаа нийт 285 иргэнээс коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Мөн Хабул тусгаарлах байрны сэжигтэй тохиолдол илэрсэн өрөөнд эцсийн халдваргүйтгэл хийлээ.

Өнгөрсөн хоногуудад тарваган тахлын эрсдэлтэй, халдварт өртсөн гэсэн дуудлагууд ирсэн 7 хоног байлаа.

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын 16 настай хүү тарваган тахлын халдвар аваагүй нь тогтоогдсон

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд долдугаар сарын 16-нд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. 16 настай хүү тарваганы мах идсэнээс болж 39, 40 хүртэл өндөр халуурч байна гэсэн дуудлага ирсэн. Үүний дагуу мэргэжлийн баг очиж ажиллалаа. Сорьцыг аван ЗӨСҮТ-д шинжилж долдугаар сарын 17-ны 19:00 цагт хариу нь гарч, тарваган тахлын халдвар аваагүй нь тогтоогдсон. 

Ховд аймгийн Үенч суманд 6 настай хүүхэд үхсэн тарвагаар тоглож байгаад халуурлаа, тарваган тахлын эрсдэлд өртлөө гэсэн дуудлага ирсэн. Бүх биеэр нь тууралт гарч, өндөр халуунтай байсан. Хурдавчилсан сорилоор шинжилгээ авахад сөрөг гарсан. Мөн эмнэл зүйн оношилгооны дүнгээр тарваган тахлын өвчлөл биш гэдгийг тогтоолоо.

Ховд аймгийн Цэцэг суманд гарсан тарваган тахлын 2 тохиолдлын нэг 27 настай эрэгтэйн биеийн байдал хэвийн, эмчилгээ үргэлжилж байна. Харин 16 настай хүүхдийн 3 удаагийн хяналтын шинжилгээний хариу сөрөг гарсан тул эмнэлгээс гарсан мэдээтэй байна.

Тарваган тахлаас сэргийлэх талаар маш их анхааруулж байгаа боловч эрсдэлд оруулсан үйлдлүүд удаа дараалан гарч байна.

Говь-Алтай аймгийн Төгрөг суманд гарсан тохиолдол мансуурсан нь бүртгэгдсэн. Нэгдүгээр хавьтлууд хяналтад байгаа, хөл хориог цуцлаагүй байхад зэргэлдээ сумд болон аймгуудад тарвага агнасан, махыг нь идсэн, түүхий эд, эрхтнийг нь хэрэглэсэн тохиолдлууд гараад байна. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд бэр гуйхаар маш олон хүн цугласан газар тарвага агнаж идсэнээс болоод халдвар тархах маш өндөр эрсдлийг дагуулсан. Хоёр машинтай 10 гаруй хүн Улаанбаатар, Эрдэнэт хотыг зориод явж байсан. Хэрэв тарваган тахлын тохиолдол байгаад хотод орж ирсэн бол ямар их аюул дагуулах нь ойлгомжтой юм. 

Иймд онцгой анхаарах хэрэгтэй байна.

Зөвлөмж
  • Тарвага агнахгүй байх
  • Хавх, урхи, нохойгоор тарвага барихгүй байх /өвчлөлтэй тарвага нохойд бариулж, урхинд ордог/
  • Тарваганы эд эрхтэнг хэрэглэхгүй байх
  • Үхсэн тарвага, зэм таарвал оролдохгүй, мэргэжлийн байгууллагад хандах
  • Хот, суурин газар руу тарвага авч орохыг эрс хориглох
  • Хээр аялал зугаалгаар явж байхдаа тарваганы дош орны орчим хүүхдээ тоглуулахгүй байх, өөрсдөө сууж хэвтэхгүй байх,
  • Нохойг байнга уяатай байлгах

Тарваган тахлын эрсдэл өндөр байгааг анхаарч, зөвлөмж, мэдээллийг дагаж байхыг зөвлөе" гэв.

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/682363222493025/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.