Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй ярилцах дургүйгээ илэрхийлж байжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Мэрилэнд мужийн захирагч Ларри Хоган саяхан Вашингтон Пост сонинд “Fighting alone” гарчигтай өгүүлэл бичиж нийтлүүлсэн нь америкчуудын анхаарлыг ихээр татжээ.

Тэрбээр энэ өгүүлэлдээ коронавирусийн цар тахалтай хэрхэн тэмцэж байснаа дурсан бичихдээ ерөнхийлөгч Трамп мужуудад туслахдаа тааруу ажиллаж байсныг шүүмжилсэн байна. Мэрилэнд нь цар тахлын эхэн үед халдварын голомт болж байсан зүүн хойд мужуудын нэг юм.

Хоёрдугаар сард буюу цар тахлын эхэн үед АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн Бүгд Найрамдах намаас сонгогдсон мужуудын захирагч нарыг хүлээн авч уулзахдаа өөрийн холбоотон Өмнөд Солонгос улсын талаар таагүй зүйлсийг ярьж байжээ.

Тэр эхлээд Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинийг хүндэтгэж явдгаа, Японы ерөнхий сайд Абэ Шинзотой гольф тоглодгоо, Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай сайн харилцаатайгаа сайрхан ярьсан байна.

Харин дараа нь тэр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй ажил хэрэг ярилцах дургүйгээ илэрхийлж, нийт өмнөд солонгосчуудыг “аюултай” хүмүүс гэж бодож явдгаа ярьжээ.

Тэр бас энэ олон жилийн турш АНУ яагаад их зардал гаргаж, Өмнөд Солонгосыг хамгаалахаар цэрэг байрлуулж ирснийг ойлгодоггүйгээ ярьсан байна.

Уг арга хэмжээнд Хоганы гэргий, Өмнөд Солонгост төрсөн Юми оролцсон ажээ. “Юми тэнд эх орныг нь муулахыг сонсоод сууж байсан. Түүнд таатай байгаагүйг би мэдэж байв. Өрөөнөөс гараад явмаар санагдаж байсан ч тэр тэвчээр заан чимээгүй сууж байлаа” гэж Хоган дурссан байна.

 

Холбооны засгийн газраас цар тахалтай тэмцэхэд тусламж үзүүлэхгүй байсан тул Хоган эхнэр Юмигийн тусламжтай АНУ дахь Өмнөд Солонгосын элчин сайдтай холбогдож, тусламж хүссэн гэнэ.

Үүний үр дүнд дөрөвдүгээр сарын 18-нд Korean Air компанийн нисэх онгоц анх удаа АНУ-ын Балтимор-Вашингтоны Маршалл Олон Улсын нисэх буудалд газардахдаа Өмнөд Солонгосоос 500,000 оношлуур хүргэж байжээ.

Ийм алхам хийж чадсанд нь Дональд Трампыг баяр хүргэх байх гэж төсөөлж байсан ч талаар болсон тухай Хоган бичсэн байна. Харин Трамп түүнийг цар тахалтай тэмцэх ажлыг ахалж байсан дэд ерөнхийлөгч Майк Пэнстэй ярилгүй Өмнөд Солонгосоос тусламж гуйлаа гэж шүүмжилж байжээ.

Энэ явдлаас хэд хоногийн дараа Хоган дэд ерөнхийлөгчтэй утсаар ярихдаа “Өмнөд Солонгосоос тусламж гуйхаасаа өмнө тантай ярьсангүй гэж ерөнхийлөгч намайг зэмлэсэн. Тийм амархан байсан бол би юу гэж гаднаас тусламж гуйх вэ дээ” гэж хошигносон байна.

Дэд ерөнхийлөгч Майк Пэнс энэ үеэр тодорхой хариу хэлэлгүй, зүгээр л инээж байжээ.

 

Эх сурвалж: Yonhap News