Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хөл хорионы үеэр самар, бяслаг, шоколадны борлуулалт нэмэгдсэнийг Испанийн эрдэмтэд тогтоожээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнөөдрийн ээлжит хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн оролцож тоймыг танилцууллаа.

Долдугаар сарын 9-ний өдрийн байдлаар дэлхий дахинд COVID-19 халдвартай холбоотой нийт 45,119 эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл хэвлэгджээ.

Одоогоор 204 эмнэл зүйн туршилт судалгаа амжилттай хийгдэж дууссан бол нийт 163 вакцин бүтээх судалгааны ажил явагдаж байна.

"Цусны даралт ихэсдэг хүн COVID-19-өөр өвчилбөл эдгэрэх магадлал нь 3 дахин удаан байна"

1. Индонез улсын эрдэмтдийн судалгааны баг цусны даралт ихэсдэг өвчтэй коронавирусийн халдвар авсан хүмүүст системт тойм судалгааг хийжээ. Ингэхдээ 30 судалгаанд хамрагдсан нийт 6,560 өвчтөний мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна.

Судалгааны үр дүнд коронавирусийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй цусны даралт ихсэх өвчтөнүүд бусад өвчтөнтэй харьцуулахад биеийн байдал хүндрэх, нас барах, сэхээн амьдруулах тасагт хэвтэх магадлал нь хоёр дахин их байсан. Харин эдгэрэх магадлал нь гурав дахин удаан байна гэж үзжээ.

"Коронавирус нь нойр булчирхайд гэмтэл үүсгэдэг байж болзошгүй"

2. БНХАУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар COVID-19 халдвар авсан өвчтөнүүдийн 17 хувьд нь нойр булчирхайн хөнгөвтөр хэлбэрийн гэмтэл илэрчээ.

Харин Италийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар өвчлөгчдийн 8.5 хувь нь нойр булчирхайн өөрчлөлт илэрсэн байна.

Тэдгээр өвчтөнүүдэд нойр булчирхайн эмгэг үүсгэх архаг хууч өвчин, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх зэрэг амьдралын буруу хэвшил байгаагүй учраас эрдэмтэд коронавирус нь нойр булчирхайд гэмтэл үүсгэх магадлалтай тул цаашид судлах нь зүйтэй гэж үзжээ.

"Судалгаанд оролцогчдын 79.5% нь шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байхыг дэмжсэн"

3. Австрали болон АНУ-ын хоёр их сургуулийн хамтарсан баг АНУ-ын 4,042 иргэнд хандлага болсон зан байдлын судалгаа хийжээ.

Оролцогсдын 79.5 хувь нь шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байх, зарим чухал бус бизнесийн байгууллагуудыг хаах шийдвэрийг дэмжсэн байна. Мөн тэдний 74.1 хувь нь олон нийтийн газар амны хаалт заавал хэрэглэдэг гэж хариулсан байна.

Түүнчлэн 84.3 хувь коронавирусийн тархалтыг хумихад авч хэрэгжүүлж буй тухайн мужийн бодлого тохиромжтой ч хангалттай чанга бус байна гэж үзжээ.

"Хөл хорионы үеэр загас, далайн гаралтай бүтээгдэхүүний борлуулалт нь эрс багассан"

4. Испани улсын эрдэмтэд хөл хорионы үед иргэдийн хүнсний хэрэглээ хэрхэн өөрчлөгдөж байгааг судалсан байна. Судалгаанд оролцогсдын хүнс цуглуулдаг давтамж багассан ч худалдан авалт хийдэг газар нь өөрчлөгдөөгүй байжээ.

Мөн хөл хорионы үеэр гоймон болон хүнсний ногооны худалдан авалт ихэссэн бөгөөд сэтгэл санаагаа засах бүтээгдэхүүнүүд буюу самар, бяслаг, шоколадны борлуулалт нэмэгджээ.

Харин загас, далайн гаралтай бүтээгдэхүүний борлуулалт нь эрс багассан гэж судлаачид тогтоожээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/2654761211437209

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.