Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

"БНХАУ-ын "COVID-19" вакцины туршилтад Эмират улсын 15 мянган иргэн сайн дураар хамрагдаж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Стэнфордын их сургуулийн судлаачид Фавипиравир эмийг COVID-19 халдварын эсрэг эмнэл зүйн туршилт, судалгаанд оруулсан талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэв.

"Фавипиравир эмийн туршилт амжилттай болбол COVID-19-ийн үед эмнэлгийн нөөцийг хэмнэх боломжтой"

Тэрбээр хэлэхдээ "Фавипиравир эмийг долдугаар сарын 6-ны өдрөөс хойш халдвар авсан нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан 120 хүнд хэрэглүүлж, судалж эхэлжээ.

Фавипиравир эм нь вирусийн эсрэг үйлчилгээтэй учраас халдвар авсан даруйдаа аль болох эрт ууж хэрэглэх нь илүү үр дүнтэй байх тул COVID-19-өөр өвчилсөн нь батлагдсан хүмүүст шинжилгээний хариу гарснаас хойш 72 цагийн дотор ууж хэрэглүүлэх бөгөөд судалгаанд хамрагдсан хүмүүсийн эрүүл мэндийг 28 хоног хянах юм байна.

Япон улсын эмийн компанийн томуугийн вирусийн эсрэг үйлдэлтэй уг эмийг коронавирус анх дэгдэх үед БНХАУ-д хэрэглэж туршсан нь үр дүнтэй байсан гэж өмнө нь олон улсын хэвлэлүүд мэдээлсэн. Түүнээс хойш ОХУ, БНЭУ-д халдварын эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа билээ.

Хэрэв уг эм нь вирус ялгаруулах хугацааг бууруулж, хүндрэлээс сэргийлэхэд үр дүнтэй байвал коронавирусийн үед эмнэлгийн бус орчинд эмийн эмчилгээ хийх замаар эмнэлгийн нөөцийг хэмнэх ач холбогдолтой" гэсэн юм.

БНХАУ-ын вакцины туршилтад АНЭУ-ын 15,000 гаруй иргэн сайн дураар хамрагджээ

Үргэлжлүүлэн вакцины талаар хэлэхдээ "БНХАУ-ын Төрийн мэдлийн SINOFARM группийн хөгжүүлж буй COVID-19 вакцины эмнэл зүйн гуравдугаар шатны туршилтыг Арабын Нэгдсэн Эмират улсад эхлүүлэхээр болсон.

Харин уг туршилтад АНЭУ-ын 15,000 гаруй иргэн сайн дурын үндсэн дээр хамрагдаж эхэлжээ.

Синофарм группийн тус вакцины эмнэл зүйн 1, 2 дугаар шатны туршилтаар хүнд ноцтой гаж нөлөө илрээгүй бөгөөд туршилтад хамрагдсан хүмүүст хоёр тун вакцин хийснээс хойш 28 хоногийн дараа бүгдэд нь эсрэг бие илэрсэн тухай үр дүнгээ танилцуулсан байна" гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/2654761211437209

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.