Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: Казахстанд өчигдөр 1,674 хүн COVID-19-ийн халдвар авч, нийт тохиолдлын тоо 63,100-д хүрлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс, орнуудын COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар танилцуулав.

ДЭМБ-ын мэдээлснээр, өчигдөр дэлхий дахинд шинээр 226 мянга гаруй хүн халдвар авжээ.

АНУ

Долдугаар сарын 16-ны өдөөр АНУ-д 66,400 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 947 хүн нэмж нас барлаа. Ингэснээр тус улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 3,483,000 болж, 136,900 гаруй хүн эндээд байна.

АНУ-ын 50 мужаас 39-д нь халдвар нэмэгдсээр байгаа бөгөөд баруун болон өмнөд хэсгийн муж улсуудад эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгаа аж.

Бразил

Бразил улсад өчигдөр 45,400 гаруй тохиолдол, 1,322 нас баралт шинээр бүртгэгдлээ. Ингээд батлагдсан халдварын тоо  хоёр сая гаруйд хүрсэн бол 76,600 хүн эндээд байна.

Тус улсын халдвар авсан хүмүүсийн 1,696,000 гаруй нь эдгэрсэн.

БНЭУ

Зүүн Өмнөд Азийн бүсийн Энэтхэг улсад өчигдөр 32,600 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдварын тоо 968,000 гаруй боллоо. Үүний холбоотойгоор тус улсын хэд хэдэн муж шинээр хөл хорио тогтоожээ.

Казахстан

Казахстан улсад өчигдөр 1,674 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн өдрүүдэд шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа ч нас барсан тохиолдол байхгүй байгаа юм.

Тус улсын нийт халдвар өссөн дүнгээр 63,100 гаруй болжээ.

Австрали

Австралийн холбооны улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 330 тохиолдол шинээр бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа. Шинэ тохиолдлуудын дийлэнх нь буюу 317 нь Виктория мужид бүртгэгджээ.

БНСУ

БНСУ-д өчигдөр 60 тохиолдол, хоёр нас баралт шинээр бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 39 нь гаднаас зөөвөрлөгдсөн халдвар бол 21 нь дотоодынх нь байсан аж.

Гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдлуудын дийлэнх нь Ирак зэрэг Ойрх Дорнодын улсуудад хөдөлмөр эрхэлдэг Солонгос иргэд байсан байна.

БНХАУ

БНХАУ-ын эх газарт өчигдөр шинээр 10 тохиолдол бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 9 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол нэг тохиолдол нь тус улсын Шинжаан Уйгарын Өөртөө Засах бүсэд бүртгэгджээ.

Бээжин хотод зургаадугаар сарын 11-ний өдрөөс хойш батлагдсан 335 халдварын тохиолдлоос өчигдөр дахин 10 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Ингэснээр дээрх халдварын голомтоос өвчилсөн хүмүүсийн 177 нь эдгэрсэн байна.

Зургаадугаар сарын 11-ний өдрөөс хойш Бээжин хотод 11.8 сая PCR шинжилгээ хийсэн бөгөөд үүний үр дүнд тус хотод батлагдсан 355 тохиолдлын 53.8 хувийг илрүүлж чадсан хэмээн БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээллээ.

Хонг Конг

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонг Конгт өчигдөр шинээр 67 тохиолдол бүртгэгдсэн. Шинэ тохиолдлуудын 63 нь дотоодын хүн амын дундах халдвар бол үлдсэн нь гаднаас зөөвөрлөгдсөн гэж Хонг Конгийн Эрүүлийн хамгаалах газраас мэдээлжээ.

Хонг Конгт одоогоор нийт 1,655 тохиолдол, 10 нас баралт бүртгэгдээд байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/2654761211437209

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.