Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Дотоодын аялагчдын зохисгүй үйлдэл хэтэрсээр байвал ирээдүйд аялал жуулчлалаас олох асар их орлогоо Монгол Улс алдана

Г.Батзориг, Өдрийн сонин
2020 оны 7 сарын 17
Өдрийн сонин
Зураг зураг
Цагаан суварга /Гэрэл зургийг Mpa.mn/
ХАРИУЦЛАГАТАЙ АЯЛАЛ ГЭДГИЙГ АЛХАМ ТУТАМ ХЭВШИЛ БОЛГОХ ЁСТОЙ

Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяртай ярилцлаа.

-Энэ жил вирусийн халдвартай холбоотойгоор гадаад аялал жуулчлал зогссон. Харин эсрэгээр дотоодын аялал жуулчлал эрчимтэй өргөжиж байна. Энэ өсөлт та бүхэнд хэрхэн мэдрэгдэж байна вэ?

-Цар тахлын хөл хорио олон улсын аялал жуулчлалын салбарыг үндсэндээ зогсоож, цаашид хэрхэх, хохирол гамшгийг яаж давах гаргалгаа байгааг судалж хайхад хүргэсэн.

Нэгэнт хил хаагдаж олон улсын аялал жуулчлалын урсгал зогссон энэ үед дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялагчдад тохирсон үйлчилгээ бүтээгдэхүүн бий болгох зэргээр найдлага тавьж байгаа нь мэдрэгдэж байна.

Гэвч төрөл бүрийн судалгаанаас харахад энэ жил дотоодын аялагчдын 96 хувь нь хувиараа аялна гэсэн үзүүлэлт гарсан.

Энэ жил аялагчдын тоо эрс өссөн боловч салбарын компаниудад хямралыг даван гарахад санхүүгийн болон бусад нөлөөллийг үзүүлж чадахгүй.

Харин орон нутгийн үйлчилгээний газрууд, хүнсний дэлгүүр, амралт сувиллын газар, зам дагуух түр буудаллах цэгүүд, шатахуун түгээх газрууд орлого олж байгаа нь хямралын энэ үед тэдэнд чамгүй дэм болж байгаа байх.

Гэхдээ аялал жуулчлалын ид улирал үргэлжилж байна. Үндэсний статистикийн хорооноос мэдээлсний дагуу 2018 онд гадаад улс руу жуулчлах зорилгоор 131,500 монгол зорчжээ. Эдгээр хүмүүс энэ жил гадагш аялах боломж хязгаарлагдмал байгаа тул дотооддоо аялах болов уу гэсэн таамаг байна.

Үүн дээр нэмэгдээд аймаг хооронд болон аймаг дотроо нэг хоногоос дээш хугацаагаар аялж байгаа иргэдийг тооцвол, чамгүй тоо гарахаар байна. Хэрэв эдгээр аялагчид дотоодод аялна гэж үзвэл дотоодын аялал жуулчлалын зах зээлд чухал хувь нэмэр үзүүлэх боломжтой юм.

2018 онд Монгол Улс руу жуулчлах зорилгоор 222,200 гадаадын иргэн зорчжээ. Үүнтэй харьцуулахад дотоодын аялал жуулчлалын салбар гадаадаас ирж байгаа жуулчидтай ойролцоо эдийн засгийн үр ашгийг дотоодод буй болгох боломж байж магадгүй.

-Манай дотоодын аялагчдын аяллын боловсрол ямар байна вэ. Хогоо хаяад явдаг, гол горхи бохирдуулдаг, ил задгай бие засдаг, зах замбараагүй архиддаг гэх зэргээр олон шүүмжлэл дагуулж байна. Ер нь аялагч бүрийн заавал дагаж мөрдөх ямар зарчмууд байна вэ?

-Дотоодын аялагчдын дорой боловсролыг хэрхэн дээшлүүлэх вэ, аялалд мөнгө төлж сур гэх мэт олон уриалга, сануулга, нийтлэл олон нийтийн сүлжээгээр чамгүй л явж байна.

Зарим хүн нэг үеэ бодвол дээшилж байгаа гэсэн дүгнэлт хүртэл хийдэг. Бид өнөөдөр нэг үеэ бодвол гэхгүй шат дараатай, дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, дотоодын аялагчдад зориулсан аяллын журам гаргамаар байгаа юм. Аялагчдын аяллын боловсрол гэдэг зүйл үндсэндээ маш цогц өргөн мэдлэгтэй байхыг хэлнэ, тэрийгээ аялал, амьдрал дээр хэрэгжүүлдэг байх нь чухал. МАЖХ-оос корона гарсан цагаас хойш дотоодын аялагчдад зөв хариуцлагатай аялах мессежийг байнга өгсөөр ирсэн. 

Хариуцлагатай гэдэг үгийг бид өнөөдөр алхам тутамд хэвшил болгож дадах хэрэгтэй. Энэ нь зөвхөн хог хаяхгүй байх биш. Аялагчдын боловсролыг хүүхэд байхаас нь эхлээд эцэг эх нь олгож улмаар бага дунд сургуулийн хичээлийн сэдэвт оруулж зааж сургах хэрэгтэй.

Аяллын боловсролд тухайн хүний зайлшгүй мэдэж байх гол хүчин зүйлүүд байдаг. Энэ нь хамгийн эхлээд хаашаа аялах шийдвэр гаргахаас эхэлнэ. Шийдвэр гаргасны дараа зорин очих газар ус, хүн зонтой хэрхэн харьцах, ямар зан заншилтайг судлах хүндэтгэх харьцах, түүнчлэн аялагч хүний аялалдаа зарцуулсан мөнгө хаана хэнд орж байна гэдгийг хүртэл мэдэж байх нь чухал.

Жишээ нь, орон нутагт аялахдаа тухайн газрын байгалийн сайхныг мэдэрч, таашаал авч байгаа л бол тэрнийхээ төлөө тухайн газрын дүрэм журмыг дагаж өгөх ёстой татвар хураамжийг чин сэтгэлээсээ төлдөг, отоглох зөвшөөрөлтэй газар байрлах, оройн цагаар дуу чимээ гаргаж бусдад саад болохгүй, зориулалтын бие засах газраар үйлчлүүлэх, тарьсан хогоо заавал цэвэрлэж ул мөргүй аялах зэрэг заавал биелүүлэх зүйлсүүд байдаг.

 

Байгалд ээлтэй аялах, өөрийгөө болон бусад хамт аялагчдаа хамгаалж аюулгүй байдлаа хангах, аяллын туршид гарч болзошгүй байгалийн үзэгдлээс сэргийлэх гээд олон зүйлийг анхааран мэдэж дагаж мөрдөх нь аялагчдын боловсролд нэн чухал хүчин зүйлсүүд болно.

-Байгаль орчноо хохироосон үйлдэл гаргаж аялаад байвал хожим ямар үр дагавартай вэ?

-Жуулчдыг Монголд аялах гол хүчин зүйлс нь хамгийн түрүүнд байгалийн онгон дагшин, үзэсгэлэнт байдал, нүүдэлчдийн амьдрал ахуй юм. Монгол орны маань байгаль тэр чигээрээ аялал жуулчлалын бүтээгдэхүүн байдаг. Харин түүнийгээ хайрлан хамгаалж, өвлүүлэн үлдээх нь бидний нэн чухал үүрэг. Энэ алдагдвал Монгол Улсад орж ирэх аялал жуулчлалаас олдог орлого маань багасах эрсдэлтэй.

Дээрээс нь бид коронаг дотроо алдаагүй цорын ганц улс гээд байгаа ч энэ тал дээр нэгдсэн нэг бодлогоор гадаадад сурталчлах, дараа дараагийн жилүүдэд ирэх жуулчдыг татах тал дээр нэгдэн хамтран ажиллаж нэг сувгаар мэдээллийг өгөх нь нэн тэргүүнд хийх цогц ажлуудын нэг. Гэвч өвчин тархах өндөр эрсдэлтэй улсын тоонд байгаагаа мартаж болохгүй.

-Иргэд ихэвчлэн аяллын компанид хандахаас илүү хувиараа аялж байна. Энэ тохиолдолд унаа тэрэг нь саатах, төөрөх, цаг хугацаандаа амжиж зорьсон газраа үзэж чадахгүй байх зэргээр эрсдэл үүрч байна. Ер нь аяллын компанид хандаж аялах нь ямар давуу талтай вэ?

-Аялагчдын 96 хувь нь аяллаа хувиараа зохион байгуулна гэсэн бол аялал жуулчлалын компаниар болон аяллын клубээр дамжин аялах бүлэг дөнгөж таван хувь байна.

Энэ нь монголчуудын хувьд мэргэжлийн аялал жуулчлалын байгууллагаар дотооддоо үйлчлүүлэх соёл хэвшээгүй, нөгөө талаас яагаад ямар зорилгоор эдгээр үйлчилгээг авах нь тодорхойгүй, зах зээл дээрх бүтээгдэхүүний нэр төрөл цөөхөн байгаатай холбоотой байж болох юм.

Газарзүйн байршлын хувьд засмал замтай, хувийн унаагаар явж болох Улаанбаатараас 1,000 орчим километрийн тойрогт байгаа хангайн бүсийн аймгууд зонхилох зорих газрыг бүрдүүлж байна. Иймд аялал жуулчлалын байгууллагууд аялагчид мэргэжлийн байгууллагуудаар яагаад үйлчлүүлэхийн ач холбогдлыг олон нийтэд сурталчлах нь үр дүнтэй байж болох юм.

Энэ жилийн хувьд би өөрөө гэр бүлийн хамтаар мэргэжлийн компаниар үйлчлүүлж, хоёр төрлийн богино аялалд хамрагдсан. Урьд нь бид өөрсдөө л хувиараа аялдаг байсан. Энд үнэхээр сэтгэл амар, тайван амраад ирсэн шүү. Бид зөвхөн өөрсдийн хувийн бэлтгэлээ л базаах ажил байсан. Бусад бүх үйлчилгээ биднийг ая тухтай аюулгүй аялахад чиглэгдсэн байсан.

Монгол орны маань байгаль тэр чигээрээ аялал жуулчлалын бүтээгдэхүүн байдаг.

Давуу тал гэвэл маш олон. Бид хувиараа аялахтай холбоотой нэг жишээ татъя, наад зах нь хоолоо өөрсдөө хийх, эсвэл хоолны газраар үйлчлүүлэх асуудал гарна.

Байгалийн үзэгдэл бороо шороо ихтэй энэ үед бидэнд хоол хийж суухын оронд очсон газрынхаа байгалийн сайханд 2-3 цаг явган аялаад тухайн орон нутагтай танилцах боломж гардаг. Алхаад ирэхэд хоол бэлэн. Энэ нь өөртөө болон хайртай хүмүүстээ зарцуулагдах цаг илүү болж байна гэсэн үг.

Аюулгүй аялна гэдэг хамгийн чухал зүйл. Нэмж хэлэхэд бид аялахдаа аяллын даатгал хийлгэдэггүй. Гэтэл мэргэжлийн компаниар үйлчлүүлэхэд энэ үйлчилгээ бүгд багтсан байдаг.

-Зарим жижиг кэмпүүд аялагчдын тоо эрс өсөөд ирэхээр гэрийнхээ түрээсийг хэд дахин нэмэгдүүлэх зэргээр ёс зүйгүй үйлдэл гаргаж байна гэх шүүмжлэл бий. Энэ байдлыг хэрхэн цэгцлэх ёстой вэ?

-Одоогийн байдлаар иймэрхүү гомдол санал баримттайгаар манай холбоонд ирээгүй тул би хэлж мэдэхгүй байна. Магадгүй үйлчлүүлэгч ихсэх тусам үнээ өсгөдөг газрууд байхыг үгүйсгэхгүй.

Харин эсрэгээрээ энэ жил дотоодын аялагчдад тав тухтай үйлчилгээ үзүүлэх зорилгоор манай жуулчны баазууд уян хатан үнийн бодлого баримталж байгаа. Архангай аймагт байрлах жуулчны баазууд үнэндээ 40 хүртэлх хувийн хямдрал үзүүлэхээ аль дөрөвдүгээр сард л зарласан байсан.

АЯЛАГЧДАД БОЛОВСРОЛ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Аялал жуулчлалын зөвлөх, судлаач Ч.Буянбадрахтай ярилцлаа.

-Энэ жил хүн болгон орон нутгийг зорьж, аялж байна. Гэвч дотоодын аялагчдын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл нэлээн байх шиг?

-Манай улсад фэйсбүүкийг хоёр сая гаруй хүн хэрэглэдэг гэсэн статистик бий. Насанд хүрсэн хүн бүр, нэмээд өсвөр үеийнхэн хэрэглэж байна гэвэл буруудахгүй.

Фэйсбүүк харахаар хүн бүр хог хаядаггүй, хог хаясан нэгнийг буруутгаж, шүүмжилдэг нь харагдана. Өөрөөр хэлбэл, сошиалыг харахаар хүн бүр байгалиа хамгаалаад байгаа юм.

Гэтэл бодит байдал дээр орон нутагт аялж байгаа хүмүүс маш их хог хаяж байна. Тэгэхээр сошиал орчин бодит байдлын талбар биш, мөн уриалаад үр дүн багатай юм байна. Тиймээс миний харж байгаагаар үүн дээр зохион байгуулалт, менежмент хийх хэрэгтэй. Би нэг мэдээлэл харж байсан.

Хөвсгөл аймаг руу орж байгаа аялагчдаас 20 мянган төгрөгийн такс авъя гэсэн байсан санагдаж байна. Үнэхээр тэгж такс авах бол тухайн мөнгийг авсан газар зохион байгуулалт хийх хэрэгтэй.

Майхантай буух бүсээ зоож өгөх, хогийн цэгээ тодорхойлох, хогны уут өгөөд буцахдаа тасалбараа шалгуулаад хогоо тушаагаарай ч юм уу, ийм зохион байгуулалт, менежмент дутагдаад байна.

Зөвхөн уриалаад хангалтгүй юм. Зохион байгуулалт, менежмент, хяналт шалгалт хэрэгтэй байна.

Зөвхөн уриалаад хангалтгүй юм. Зохион байгуулалт, менежмент, хяналт шалгалт хэрэгтэй байна.

Ард иргэдэд нэг зүйлийг сайн ойлгуулмаар байна. Улаанбаатар хотыг өдөр болгон ТҮК-ийн ажилчид цэвэрлэчихэж байна. Түүнтэй адил орон нутагт хаясан хогийг цэвэрлэх хүн гэж байхгүй. Тэнд хогийн сав тавиад ч утгагүй. Ерөөсөө л хүн болгон тарьсан хогоо бүрэн цэвэрлээд хаана ч үлдээлгүй аваад явдаг байх хэрэгтэй.

-Аялагчдад аяллын боловсролыг хэрхэн олгох боломжтой вэ?

-Үүнийг үе шаттай сургалтаар хийнэ. Жишээ нь, Малайз бол бусад оронтой харьцуулахад үзэж харах асар их зүйлтэй орон мөн үү гэвэл тийм биш. Гэтэл тус улс яагаад богино хугацааны зорилт тавиад аялал жуулчлалаар дэлхийд эхний 10-т орох орлоготой орон болж чадсан бэ гэвэл цэвэр сургалтын системтэй холбоотой.

Нисэх буудлын ажилтнаас өгсүүлээд таксины жолооч, дэлгүүрийн худалдагч зэрэгт улс орон даяар төрөөс нь бодлого хэрэгжүүлж хөрөнгө хаяж сургалтад хамруулсан. Наад зах нь Малайзад ирж байгаа ямар ч гадаадын жуулчинг хараад инээх гэдэг зүйлийг хүн бүрт суулгаж чадсан. Үүнтэй адил сургалтаар л хүмүүст аялал жуулчлалын боловсрол олгохгүй бол хэцүү.

Өвөрхангай аймгийн адуучин залуучуудад зориулсан аялал жуулчлалын нэг сургалт болж байсныг санаж байна. Түүнээс өөрөөр уг салбарт оролцоотой хүмүүсийг хамруулсан сургалт болж байсныг энэ салбарт 20 гаруй жил ажиллахад санахгүй байна. Тиймээс аялал жуулчлалд оролцож байгаа, аялж байгаа хүнд боловсрол олгохын тулд үе шаттай сургалтыг хийх хэрэгтэй. 

Гэхдээ үүнийг сошиалаар явуулаад хэрэггүй юм байна. Яг ухамсарт нь нөлөөлдөг зүйл юу вэ гэдгийг бодох ёстой. Танхимын, эсвэл газар дээр нь сургалтууд зохион байгуулж болно.

Судалгаагаар манай жуулчны баазуудын 70 хувь нь мэргэжлийн бус эзэдтэй.

Би нэг зүйлд харамссан. Коронавирустэй холбоотойгоор бүх жуулчны бааз гадаад жуулчингүй байгаа.Төр засаг энэ цаг хугацааг ашиглаж баазын ажилтнуудад сургалт зарласан бол өнөөдөр арай өөр үр дүнг хүлээх байлаа.

Судалгаагаар манай жуулчны баазуудын 70 хувь нь мэргэжлийн бус эзэдтэй. Ямар ч зочлох үйлчилгээтэй хамааралгүй, мэргэжлийн бус хүмүүс байгаа юм. Мөн ажилчдынх нь хэдэн хувь мэргэжлийн бус вэ гэж судлаад үзэхээр бас 70 хувь. Ямар ч аялал жуулчлалын ойлголтгүй хүнийг бааз дээр аваачаад тавьчихсан. Тэгэхээр мэргэжлийн байгууллага нь ийм байхад жирийн монгол аялагчид аялал жуулчлал гэж ийм юм гэж ойлгуулахад бэрхшээл ихтэй байгаа биз. Энэ салбарт оролцож байгаа бүх хүнээ сургамаар байна.

-Дотоодын аялагчид өссөнөөр хүндрэлтэй байгаа уг салбарынхны орлогод нэмэр болж байна уу?

-Бид гадаадын жуулчин дээр хамгийн дээд тал нь 30 хувийн ашиг хүртдэг. Дотоодын жуулчин үүнээс хамаагүй бага байна. 10 хувийн ашиг хийж чадаж байна уу, үгүй юү. Тиймээс дотоодын аялал жуулчлалаас ашиг хийж, хямралын давж чадаж байгаа гэвэл хэцүү. Яагаад гэвэл манай ихэнх аялагч нар хувиараа аялдаг. Хаа дуртай газраа буугаад тухалж байгаад яваад өгдөг. 10 хүн байлаа гэхэд компаниар захиалга өгч аялж байгаа нь гурваас хэтрэхгүй.

Гэхдээ цөөн ч дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр компаниуд хүмүүсийг уриалаад байгаа нь зөв юм. Бага багаар зүтгэж байж л ахина.

Уг нь аялагч аяллын компанид хандвал өөрөө зохион байгуулагч, тогооч болох шаардлагагүй, төлөвлөсөн цаг хугацаандаа үзэх ёстой зүйлээ үзээд ая тухтай аялаад ирнэ. Энэ давуу боломжуудыг манайхан сайн мэдэхгүй байна.

Хувиараа аялбал зардал багатай гэдэг ч олон хүндрэл бэрхшээлтэй нүүр тулж, нөгөө тухтай сайхан аялах гэсэн гол утга учраа алдагдуулаад байна. Уг нь даатгах ёстой хүмүүст нь даатгаад явах ёстой.

-Монголын байгаль бүхэлдээ аялал жуулчлалын бүтээгдэхүүн. Байгаль орчноо бохирдуулаад байвал эргээд хэрхэн жуулчин татах вэ гэсэн бэрхшээл үүснэ. Коронавирусийн халдвар намжиж Монголыг зорих жуулчдын цуваа нээгдэх нь ойлгомжтой шүү дээ?

-Дэлхий дээр тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлж байна. Үүн дотор эко аялал жуулчлал гэж ойлголт бий. Манай орон ийшээ их оройтож орж байна. Сүүлийн хэдэн жил л дөнгөж ярьж эхэллээ.

Гэтэл Япон зэрэг орнууд 1990-ээд оноос эко аялал жуулчлалыг яриад байгальд ээлтэй байх технологийн асуудлыг шийдвэрлээд явчихсан. Тогтвортой, эко аялал жуулчлал гэж юу вэ, гадаадын жуулчдад бид монгол орныг байгаагаар нь хэрхэн “борлуулах" вэ гэхээр өнөөдөр ирээд амарсан газар дараагийн жуулчин ирэхэд асуудалгүй, эвдрэлгүй байх тухай ойлголт юм.

Гэтэл одоо нэг жуулчин (гадаад, дотоод хамаагүй) ирж эвдээд явсныг дараагийн хоёр, гурав дахь хүмүүс нь ирээд харж байна. Энэ нь өөрөө тогтвортой аялал жуулчлал биш. Би нэг зүйлийг гайхдаг. Өнөөдөр Монголын газар нутгийн 78 хувь нь цөлжсөн гэж ярьдаг. 2025 он гэхэд хойд мөсөн далай хайлж дуусна гэдэг. Энэ үед байгаль цаг уур их өөр болно гэж дэлхий нийт ярьж байна шүү дээ. Энэ том мэдээллийн хаана Монгол явж байна вэ. Энэ өөрчлөлт аялал жуулчлалд асар том нөлөөтэй.

20 жилийн өмнө намайг хөтөч байхад Хархорин суманд Орхон голын эрэг дээр жуулчидтай гадаа хоол идэхэд салхи босоход шороо хийсдэггүй байсан. Бор шороон хөрстэй.

Одоо 20 жилийн дараа ширээгээ дэлгээд суухад багахан салхиндл элс дарчихаж байна. Ингээд өөрчлөгдөөд байхад манайх хаана явна вэ, ямар бодлого чиглэл баримтлах юм, аялал жуулчлалын салбарт энэ бүх нөхцөл байдлыг хэрхэн тооцох юм гэх зэргээр асуудал их байна. Нэмээд дотоодын жуулчид хог тариад байна.

-Уг нь манайх хэдэн зуун сая жуулчин авах том зорилттой шүү дээ?

-400 сая жуулчин уу. Тийм жуулчин авсан нэг ч улс байхгүй л дээ. Хамгийн их жуулчин авч байгаа улс 96 саяд л хүргэдэг. Хэл нь халтираад хэлсэн байх. Ордосыг харьцуулсан байсан.

Өнөөдөр Хятадын аялал жуулчлалын бүсийг Монголынхтой харьцуулшгүй юм. Ордос дээр гадаадын жуулчин хэд ирдэг вэ гэвэл дорвитой тоо гардаггүй. Хятадууд өөрсдөө л аялдаг. Хятад өөрсдөө дотооддоо аялж аялал жуулчлалаа аварч гараад байгаа юм. Үүнтэй адил монголчууд унаж байгаа салбараа аврах гээд тодорхой хэмжээгээр аялаад явж байгаа нь сайн байна. Энэ бол дэвшил юм.

Зураг