Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын төрийн дэмжлэгтэй хакерууд Covid-19 вакцины мэдээллийг хулгайлахаар оролдож байгааг мэдээлжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Оросын засгийн газрын дэмжлэгтэй хакерууд сүүлийн үед АНУ, Их Британи, Канад зэрэг улсуудын коронавирусийн вакцин бүтээж буй байгууллагууд руу халдлага зохион байгуулах нь нэмэгдсэн тухай Британийн тагнуулын алба мэдээлжээ.

Кремлийн дэмжлэгтэй гэдэг нь бараг тодорхой APT29 хакерын бүлэг эм үйлдвэрлэгчид, судалгааны лабораториудын мэдээллийн сан руу халдлага зохион байгуулсныг илрүүлснээ Их Британийн Кибер Аюулгүй Байдлын Төв өчигдөр мэдээлсэн юм.

Дээрх халдлагуудын улмаас вакцин бүтээх ажлын ямар нэг чухал мэдээлэл алдагдаагүйг тэд баталсан байна. Британи улс коронавирусийн эсрэг вакцин бүтээх дэлхий нийтийн өрсөлдөөнд тэргүүлж байгаа.

Тус улсын Оксфордын их сургууль, Лондоны Империал Коллежийн судлаачид энэхүү үйл явцын тэргүүн эгнээнд ажиллаж байгаа юм.

Британийн гадаад хэргийн сайд Доминик Рааб “Нэгдсэн Вант Улс болон түүний холбоотнууд дэлхий нийтийн эрүүл мэндийг хамгаалахын тулд вакцин бүтээхээр хөдөлмөрлөж байхад зарим улс орнууд зөвхөн өөрийн ашиг сонирхлын үүднээс увайгүй зүйл хийж байна. Британи улс ийм кибер халдлагатай үргэлжлүүлэн тэмцэх болно” гэж мэдэгджээ.

Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Британийн эм үйлдвэрлэгчид, судалгааны төвүүд рүү хэн халдсаныг бид мэдэхгүй. Үүнтэй Орос улс ямар ч хамаагүй гэдгийг л бид хэлж чадахаар байна” гэж мэдэгдсэн юм.

Мөн ОХУ-ын гадаад хэргийн яам кибер халдлагад Москвагийн эрх баригчид оролцсоныг батлах баримтаа үзүүлэхийг Британийн засгийн газарт уриалжээ.

APT29 бүлэг нь хакеруудын ертөнцөд Dukes, Cozy Bear зэрэг нэрээр алдартай бөгөөд олон жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа.

Уг бүлгийг 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ардчилсан Намын мэдээллийн санд халдсан гэж үздэг.

Мөн 2017 онд Норвегийн гадаад хэргийн яам, батлан хамгаалах яамны мэдээллийн санд халдлага үйлдсэн гэсэн мэдээлэл бий.

 

Эх сурвалж: The Guardian