Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

“Европын сүүлчийн дарангуйлагч”-ын үйлдэлд санаа зовж байгаагаа АНУ илэрхийлжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Наймдугаар сард Беларусь улсад ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зохион байгуулагдах гэж байгаа юм.

Тус улсын ерөнхийлөгч, “Европын сүүлчийн дарангуйлагч” хочтой Александр Лукашенко өөртэй нь өрсөлдөх улс төрчдийн нэрсийг нэр дэвшигчдийн бүртгэлээс хасах шийдвэр гаргасан нь Беларусь даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхөд хүргээд байна.

Цагдаа нар жагсагчдыг хүчээр тарааж, олон зуун хүнийг баривчилсан тухай мэдээ ирсээр байгаа юм.

Тэгвэл АНУ-ын төрийн департмент өчигдөр анх удаа Беларусийн дотоод нөхцөл байдалд санаа зовж байгаагаа илэрхийлжээ.

“Сөрөг хүчний хоёр нэр дэвшигчийг наймдугаар сард болох сонгуулийн өрсөлдөөнөөс хассаныг эсэргүүцсэн тайван жагсаалыг хүчээр тарааж, тэмцэгчид, сэтгүүлчдийг бөөнөөр нь баривчилж байгаад бидний санаа зовж байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хүний эрх, ардчиллын нөхцөл байдлаа сайжруулах алхам хийхийг Беларусийн засгийн газраас бид шаардаж байна. Тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх зэрэг эрх чөлөөний суурь ойлголтуудад хүндэтгэлтэй хандах нь АНУ-Беларусийн харилцаанд чухал нөлөөтэй юм” гэж төрийн департментын мэдэгдэлд өгүүлсэн байна.

Сүүлийн жилүүдэд Вашингтон Минсктэй харилцаагаа сайжруулах алхам хийж эхлээд байгаа. Энэ оны хоёрдугаар сард төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео тус улсад айлчилж, 1994 оноос хойш удирдаж байгаа ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзсан юм.

Ингэснээр Помпео Беларусьт айлчилсан АНУ-ын төрийн хамгийн өндөр албан тушаалтан болжээ.

2008 онд Беларусийн засгийн газар тус улс дахь АНУ-ын элчин сайдын яамны 30 албан хаагчийг газар нутгаасаа хөөсөн юм. Тэр цагаас хойш Минск хотод АНУ-ын элчин сайдыг шинээр томилоогүй байгаа. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард Цагаан ордон Беларусьт суух элчин сайдын нэрийг зарласан юм. Хэрвээ энэ томилгоо батлагдвал тасалдаад байсан хоёр орны дипломат харилцаа сэргэхээр болж байна.

Хэдийгээр Европын сүүлчийн дарангуйлагч дэглэмтэй улс гэж нэрлэгддэг ч Вашингтоны эрх баригчид Беларусьтай харилцаагаа сайжруулах эрмэлзлэлтэй байгаа. ОХУ болон NATO-гийн гишүүн орнуудын дунд байрладаг Беларус нь АНУ-ын хувьд стратегийн чухал ач холбогдолтой улс юм.

Саяхан АНУ-ын засаг захиргаа Беларусь улсыг Оросын газрын тосноос хамааралгүй болгохын тулд өөрийн бүтээгдэхүүнийг нийлүүлж байв.

 

Эх сурвалж: CNN