Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Цар тахлын уналтын дараа Хятадын эдийн засаг огцом сэргэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Энэ оны хоёрдугаар улиралд Хятад улсын эдийн засаг 3.2 хувиар өссөн болохыг өнөөдөр зарласан тоо баримтууд харуулжээ.

Дэлхийд хоёрт орох том эдийн засагтай тус улсад коронавирусийн хорио цээрийн дэглэм тогтоосны улмаас нэгдүгээр улиралд түүхэндээ байгаагүй огцом уналтыг үзэж байв.

Хорио цээрийг сулруулсны дараа эдийн засгаа идэвхжүүлсэн анхны улсын хувьд Хятадын статистик мэдээг дэлхий даяар чих тавин хүлээж байлаа.

Тоон үзүүлэлтүүд төсөөлж байснаас өндөр гарсан нь V хэлбэрийн сэргэлт (огцом уналтын дараа огцом сэргэлт) үүсэж байгааг батлан харуулжээ.

Үүнээс гадна Хятад улсын эдийн засаг гүн хямралд орохоос зайлсхийж чадсаныг энэ тоо баримтууд харуулж байна.

Энэ оны нэгээс гуравдугаар сард тус улсын эдийн засаг 6.8 хувиар унасан нь улирлын ДНБ (дотоодын нийт бүтээгдэхүүн)-ий хэмжээгээ анх бүртгэж эхэлсэн цагаас хойш тохиолдсон хамгийн том уналт байв.

Ингэж огцом сэргэсэн нь Хятадын засгийн газраас авч хэрэгжүүлсэн эдийн засгийг дэмжих бодлого үр дүнгээ өгсний шинж гэж судлаачид дүгнэжээ.

Тухайлбал Deutsche Bank-ны судлаачид Хятад улсын эдийн засагт V хэлбэрийн сэргэлт “бараг тохиосон гэж үзэж болно” хэмээн дүгнэсэн байна. 

“Иргэдийн хэрэглээний хэмжээ цар тахлын өмнөх түвшиндээ хараахан хүрээгүй ч энэ дутуу нь аялал жуулчлал, нийтийн хоол гэсэн цөөн хэдэн салбарт үлдээд байна” гэж тэдний дүгнэлтэд өгүүлжээ.

Нийт дүнгээрээ энэ оны эхний хагас жилд Хятадын эдийн засаг 1.6 хувийн бууралттай гарсан байна.

 

Эх сурвалж: BBC