Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Тарвага агнаснаа цахим сүлжээнд тавьж, бусдыг өдөөн турхирч буй хүмүүст хариуцлага хүлээлгэх шаардлагатай"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЗӨСҮТ-өөс тарваган тахал өвчний нөхцөл байдалтай холбоотойгоор өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Тарваган тахлын тохиолдлуудтай ойрын хавьтал болсон хүмүүст эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй"

ЗӨСҮТ-ийн дэд захирал Б.Амгаланбаяр “Бидний хийсэн судалгаагаар БНХАУ-ын Монгол Улстай хил залгаа оршдог газрууд болон ОХУ-ын Тува зэрэг улсад байгалийн голомтот халдварын эрсдэл өндөр байна.

Харин манай улсын баруун аймгууд болох Увс, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий зэрэг аймагт тарваган тахлын байгалийн голомтын идэвхжил нэлээд өндөр байгаа юм.

Тарваган тахал өвчин нь дэлхийн олон улсыг хүнд байдалд хүргэж байсан бөгөөд дэлхийн хүн амын нэлээдийг авч одсон цар тахал.

Сүүлийн жилүүдэд манай улсад тарваган тахлын хүний өвчлөл бүртгэгдэж, нас барах тохиолдол гарсаар байна.

Уг өвчний хамгийн аюултай нь уушгины хэлбэрт шилжсэн тохиолдол хүнээс хүнд дамжин халдварладаг, нас баралтын түвшин нь 30-100 хувь байдаг юм.

2019 онд гэхэд л Баян-Өлгий аймагт нэг гэр бүлийн хоёр иргэн тарваган тахлаар өвчилж нас барсан харамсалтай мэдээлэл бий.

Харин энэ жил он гарсаар тарваган тахлын сэжигтэй таван дуудлагын гурав нь батлагдаад байна.

Хамгийн сүүлд долдугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай эрэгтэй тарваган тахлын улмаас нас барсан нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан.

Түүнтэй хавьтал болсон 15 хүнийг тусгаарлаж, урьдчилан сэргийлэх эмчилгээг эхлүүлсэн. Мөн Говь-Алтай аймгийн таван сумын хэмжээнд хөл хорио тогтоож, арга хэмжээ авч байна.

Одоогоор батлагдсан тохиолдлуудын хавьтлуудаас эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн болон лабораторийн шинжилгээгээр батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй" гэв.

"Судалгаанаас үзэхэд тарваган тахлын нэг тохиолдолд 60-100 сая төгрөг зарцуулж байна"

Мөн тэрбээр "Тарваган тахал өвчний нууц үеийн хугацаа зургаан хоног байдаг. Өөрөөр хэлбэл, Говь-Алтай аймагт тарваган тахлын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг долдугаар сарын 12-ны өдөр тусгаарласан учраас долдугаар сарын 18-наас тус аймгийн таван суманд мөрдүүлж буй хөл хориог цуцлах асуудлыг тухайн орон нутгийн Онцгой комисс хэлэлцэж шийдвэрлэнэ.

Ер нь сүүлийн жилүүдэд хийсэн судалгаанаас үзэхэд тарваган тахлын нэг тохиолдолд л гэхэд 60-100 сая төгрөг зарцуулж байна.

Тарвага агнах нь хууль бус үйлдэл. Гэвч өнгөрсөн баяр наадмын өдрүүдээр иргэд хууль бус ан агнуур хийх, худалдаалах тээвэрлэх эрсдэлтэй нөхцөл үүсгэсэн.

Мөн зарим иргэн тарваган тахлын энэ үед аялж зугаалж байхдаа тарвага агнасан, тарваганы махыг хүнсэнд хэрэглэж байгаагаа олон нийтийн сүлжээнд тавьж бусдыг уриалах үйлдэл гаргаж байна.

Ялангуяа олон нийтийн сүлжээнд олон дагалдагчтай хүмүүс тийм зургаа нийтэлж, бусдыг өдөөн турхирч байгаад зохих ёсны хариуцлага хүлээлгэж, ийм байдлыг таслан зогсоох шаардлагатай.

Сүүлийн жилүүдэд бүртгэгдсэн тарваган тахлын тохиолдлуудыг судлахад ихэнх нь өсвөр үеийн хүүхдүүд байна.

Иймд эцэг, эхчүүд хүүхдүүддээ хавх тавьж тарвага агнахгүй байх, нохой зууж ирсэн тарвагыг хүнсэнд хэрэглэхгүй байх зэрэг сэрэмжлүүлгийг хэлж өгөх нь зүйтэй" гэдгийг онцлов.