Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Билгүүн: Нэн шаардлагагүй худалдан авалтаас татгалзаж, хуримтлал үүсгэхэд илүү анхаараасай гэж зөвлөнө

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 7 сарын 16
Сурталчилгаа
Зураг зураг

“Ард Актив” хадгаламж, зээлийн хоршооны захирал Г.Билгүүнтэй ярилцлаа.

-10 гаруй жилийн өмнөх дампуурлаас болоод ч тэр үү хадгаламж, зээлийн хоршооноос жийрхсэн, үл итгэсэн хандлага өнөө хэр байсаар. Энэ төрлийн байгууллагын гол онцлог, ажиллах зарчмынх нь талаар танаас ярилцлагын эхэнд асуумаар байна.

- Анх 19-р зууны дунд үе буюу 1850-1860 онуудад үед Герман улсад хадгаламжийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагыг хоршоо хэлбэрээр байгуулсан байдаг. Монголд 1997 онд хадгаламж, зээлийн анхны дөрвөн хоршоо байгуулагдсан. Өнгөрсөн жилийн байдлаар нийт 261 хоршоо 70 мянган гишүүндээ үйлчилж хадгаламж, зээлийн үйлчилгээ үзүүлж байна. Хадгаламж, зээлийн хоршоо (“ХЗХ”) нь зөвхөн гишүүддээ үйлчилдэг санхүүгийн байгууллагаюм. Та хадгаламжаа байршуулъя гэвэл эхлээд хоршооны гишүүн болж дараа нь хадгаламжаа байршуулах эсвэл зээлийн үйлчилгээ авах боломжтой. Хадгаламж, зээлийн хоршооны нэг онцлог нь ардчилсан засаглалтай, ашгийн төлөө бус, гишүүдийнхээ төлөө үйлчилдэг байгууллага юм.

-Ардчилсан засаглал гэдгийг тодруулахгүй юу?

-Жишээ, нь манай хадгаламж, зээлийн хоршоо 850 гишүүнтэй. Бүх гишүүнийхээ хурлыг дөрөвдүгээр сарын 1-ний дотор, жилдээ нэг удаа зохион байгуулдаг. Тухайн хурлаар өнгөрсөн оны тайлан, ирэх жилийн төсөв, төлөвлөгөөгөө хэлэлцэн баталдаг. Нэг гишүүн нэг саналын эрхтэй оролцдог нь ХЗХ-ны гол онцлог. Хувьцаат компани байлаа гэж бодъё. Та 70, би 30 хувь эзэмшиж байгаа тохиолдолд та 70 хувьтай дүйцэхүйц санал өгөх эрхтэй. Тэгвэл хадгаламж, зээлийн хоршоонд хэн, хэдий хэмжээний хөрөнгө байршуулснаас үл хамааран гишүүн бүр нэг л саналын эрхтэй байна. Үүнийг ардчилсан засаглалтай, хамтын хяналттай гэж тодорхойлоод байгаа юм.

Хамтын хяналт гэдэг нь бүх гишүүдийнхээ дундаас сонгогдсон Тэргүүлэгчдийн зөвлөл болон хяналтын зөвлөлийн хяналт дор Хоршоо үйл ажиллагаагаа явуулдаг. Тэргүүлэгчдийн зөвлөл гэдэг нь компанитай адилтгавал Төлөөлөн удирдах зөвлөл гэсэн үг юм. Гишүүд дотроос таваас дээш, сондгой тоотой гишүүн дийлэнх олонхын саналаар сонгогдон ажилладаг. Тэргүүлэгчдийн зөвлөл болон гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд Хяналтын зөвлөлөөс хяналт тавьж ажилладаг. Хяналтын зөвлөл нь гурваас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй сонгогдон ажилладаг. Өөрөөр хэлбэл, Тэргүүлэгчдийн зөвлөл болон гүйцэтгэх захирлын гаргасан шийдвэр бүх гишүүдийн эрх ашигт нийцэж байгаа эсэхийг хянадаг.

-Хадгаламж, зээлийн хоршоо эрсдэлгүй ажиллах боломж нөхцөл бүрдсэн үү?

-Гишүүдийн итгэл харьцангуй сайжирсан гэж хэлж болно. 2017 онд “Ард Актив” ХЗХ-д анх ажиллаж эхлэхэд 400 орчим сая төгрөгийн хадгаламжтай, 531 гишүүнтэй байсан. Тухайн үед манайд хандаж байсан хүмүүсийн 95 хувь нь “Хэр найдвартай вэ” гэж асуудаг байсан. Одоо энэхүү асуултыг манайд гишүүнээр элсэн хадгаламж байршуулах хүсэлтэй иргэдийн 40 орчим хувь нь л ингэж асуудаг болсон байна.

Та эхний асуултаа тавихдаа дампуурлын талаар хөндсөн. Үнэхээр ч ийм эргэлзээ, үл итгэх байдал давамгайлахад 2006 онд хадгаламж, зээлийн хоршоод олноор дампуурсан явдал нөлөөлсөн. Тухайн үед 26 хоршооны 8,300 орчим хохирогчийн 72.2 тэрбум төгрөгийн хадгаламж байршиж байсан хоршоод дампуурсан. Нийт хохирлын 50 хувийг төр хадгаламж эзэмшигчдэд нь улсын төсвөөс төлсөн. Үлдэгдэл дүнг нь тухайн хоршоодын үл хөдлөх болон барьцаа хөрөнгийг зарж, борлуулах замаар барагдуулсаар байна. 2005-2006 онд хадгаламжид сарын 4-6 хувийн хүү амладаг байсан. Жилийн 48 хувийн хүү гэсэн үг шүү дээ. Ийм хэмжээний хүүтэй зээл авахад ямар хэцүү байх билээ. Эх үүсвэр татахын тулд ширүүн өрсөлдөж, төдөн төгрөгийн хадгаламж хийвэл тийм сугалаа өгнө гэх маягаар уралдсан. Үндсэндээ хамгийн их сугалаа тараасан, хамгийн өндөр хүү амласан хадгаламж, зээлийн хоршоод дампуурсан гэхэд хилсдэхгүй. Гэхдээ тухайн үед ямар ч зохицуулалт байгаагүй. Тэд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан. Харин одоо хадгаламж, зээлийн хоршоод гурван жилийн хугацаатайгаар Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авдаг. Энэхүү тусгай зөвшөөрлөө хадгалж, сунгуулахын тулд хоршоод улирал тутам Санхүүгийн зохицуулах хороонд тайлангаа хүргүүлж, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтээ ханган ажилладаг. Хэрэв ХЗХ нь зохистой харьцааны шалгуур үзүүлэлтээ зөрчин, буруутай үйл ажиллагаа явуулсан хэмээн СЗХ тогтоосон тохиолдолд тусгай зөвшөөрлийг түр түдгэлзүүлэх, цуцлах хүртэлх арга хэмжээг авдаг.

-Юутай ч одоо үйлчлэгч, үйлчлүүлэгчийн аль алиныг итгэл, эрсдэл багатай ажиллах боломж нэмэгдсэн л юм байна.

-Яг үнэн. ХЗХ-ны дампуурлын дараагаас буюу 2005 оны арван нэгдүгээр сард “Хоршоо нь хадгаламж, зээлийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн дор эрхэлнэ” гээд хуульд хуульчилсан. Улмаар 2006 онд Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдаж, жил, улирал бүр арилжааны банктай адил зохистой харьцааны шалгуур үзүүлэлт тавьж эхэлсэн. Хуулийн зохицуулалттай болж ирснээр хоршоонд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлж эхэлсэн. Жишээ нь, та сүүлийн гурван жилийн хугацаанд хадгаламж, зээлийн хоршоо дампуурсан гэж сонссон уу.

-Үгүй.

-Бараг л үгүй. Гэхдээ сүүлд нэг хадгаламж, зээлийн хоршоо дампуурсан. Залилангийн шинжтэй үйл ажиллагаа явуулж, хоёр тайлан гаргадаг, ил тод ажилладаггүй, мөнгөн хадгаламжийг  нь өгдөггүй гэх мэт гомдлыг гишүүдээс нь гаргаснаар Санхүүгийн зохицуулах хороо шалгаж эхэлсэн юм билээ.

Иргэдийн дунд арилжааны банк нь хамгийн түгээмэл санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. Өнгөрсөн хугацаанд Монголд нийт 31 арилжааны банк байгуулагдаж байсан бол одоо тэдгээрийн 12 нь идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Зарим банкууд нэгдэж, зарим нь дампуурч алга болсон. Харин ХЗХ нь олон нийтэд 2006 оны 26 ХЗХ-ны дампуурлаас болж эрсдэлтэй гэх дүр төрөхөөр танигдчихсан гэх үү дээ. Угтаа банктай л адил хадгаламж аваад, зээл олгож байгаа байгууллага юм. Банкнаас ялгарах голлох ялгаа нь зөвхөн гишүүддээ үйлчилдэг ардчилсан засаглал, хамтын хяналттай санхүүгийн байгууллага юм.

-Тэгвэл “Ард Актив” ХЗХ-ны онцлог, давуу тал юу вэ?

-Манай хоршоо 2004 онд байгуулагдаж 2013 оноос Ард санхүүгийн нэгдлийн хөрөнгө оруулалттай болж идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй 261 хоршооноос нийт хөрөнгөөрөө хамгийн том 10 хоршооны нэг юм. Мөн бусад хоршоодоосоо хэд хэдэн зүйлээр давуу талтай. Эдгээр нь орчин үеийн программ хөгжүүлэлт, оновчтой засаглал, зээлийн багцын чанараар салбартаа тэргүүлдэг зэрэг болно.

Нэгдүгээрт, манай хоршооны гишүүд “Ард Апп”-аараа хадгаламжийн дансны дэлгэрэнгүй хуулгаа харах, хуримтлагдсан хүүгээ хянах, хадгаламждаа орлого нэмэх, зээлээ төлөх гэх мэт иж бүрэн үйлчилгээ авах боломжтой юм. “Ард Апп” нь Ард санхүүгийн нэгдлийн хөрөнгө оруулалттай компаниудаас бүх төрлийн санхүүгийн үйлчилгээ болох бүх төрлийн даатгалын үйлчилгээ, үнэт цаасны данс нээлгэх, хувьцаа худалдан авч хөрөнгө оруулалт хийх болон цахим зээлийн үйлчилгээг авах боломжтой цогц, цахим санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг аппликейшн юм.

Нөгөө талаас зээл авч байгаа хүмүүс хэзээ зээлээ төлөх, өнгөрсөн хугацаанд хэрхэн төлсөн бэ гэдгээ хянах боломжтой.

Хоёрдугаарт, оновчтой засаглалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. “Ард санхүүгийн нэгдэл” маань санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийдэг. “Ард санхүүгийн нэгдэл”-ээс менежментийн зөвлөгөө авч, үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажилладаг. Ч.Ганхуяг захирал маань “Хас” банкийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд анхны банк бус санхүүгийн байгууллагыг байгуулж, бичил зээлийн үйлчилгээг санаачлан үзүүлж байсан. Манай менежментийн баг чадварлаг бүх төрлийн салбарт мэргэшсэн сайн мэргэжилтнүүдтэй.

Гуравдугаарт, зээлийн багцын хувьд эрүүл бүтэцтэй, чанар сайтай. Манай нийт зээлийн багцын 98% хэвийн, 1% нь хугацаа хэтэрсэн, 1% нь чанаргүй зээлээс бүрддэг. 2019 оны байдлаар ХЗХ-ны салбарын чанаргүй зээл нийт зээлийн 3.9%-ийг эзэлж байгаа нь манай хоршооны хувьд салбарын дунджаас 4 дахин бага байна.

-Та энэ хамт олонтой хэрхэн холбогдсон бэ?

-Сургуулиа төгсөөд 2-3 жил арилжааны банканд зээлийн мэргэжилтнээр ажилласан. 2016 онд “Ард санхүүгийн нэгдэл”-д орж ажиллах боломж нээгдсэн. Ажилд орох хүртлээ хэд хэдэн шатны ярилцлагад орсон. Хамгийн сүүлд Ч.Ганхуяг захиралтай ярилцлагад орж Ард санхүүгийн нэгдэлд ажилласнаар Ганхуяг захирлаас суралцах, өөрийгөө хөгжүүлэх асар их боломжтойг ойлгон ажиллаж эхэлсэн. Анх “Ард санхүүгийн нэгдэл”-ийн үнэт цаасны компани болох “Ард секюритиз” ҮЦК ХХК-д санхүүгийн шинжээчээр ажиллаж эхэлсэн. Үнэт цаасны компанид ажиллаж эхэлснээр хувьцаа гэж юу вэ, хэрхэн хөрөнгө оруулалт хийх вэ, хэзээ нь авч, хэзээ ашиг олох боломжтой вэ гэх мэтээр суралцсан. 2017 оны 8-р сараас Ард Актив ХЗХ-ны гүйцэтгэх захирлаар томилогдон салбартаа эхний 10-т ортол хөгжүүлж, амжилттай ажиллаж байна. Манай баг, хамт олон харьцангуй залуу, чадварлаг, бие биенээсээ суралцаж хамтдаа хөгжих боломж дүүрэн байдаг.

-Та мэргэжлээрээ ажиллаж байгаа гэсэн үг үү?

-Бараг л тийм. Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг (Одоо Санхүү, эдийн засгийн их сургууль болсон) нягтлан бодогч мэргэжлээр төгссөн.

-Энэ хамт олноос та өөртөө авсан хамгийн том олз юу вэ?

-Ард санхүүгийн нэгдэлд ажилд орсноор миний хамгийн түрүүнд ойлгосон зүйл бол хүн тасралтгүй, тогтмол өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэйг ойлгосон. Их, дээд сургуульдаа сайн суралцаж, идэвхтэй байдаг оюутнууд хүссэн ажилдаа орох бүрэн боломжтой байдаг. Гэвч, ажлын байран дээр гараад чаддаг зүйлээ л хийсээр яваандаа хоцрогдох хандлага их ажиглагддаг. Нэг л зүйлийг тодорхой хэмжээнд хийж, эзэмшиж, сурчхаад суугаад байж болохгүй.

-Байгууллагын тань үнэт зүйл, зарчмаас таны хувьд хамгийн үнэтэй, онцлог зүйл нь аль вэ?

-Манай уриа “Хүчтэй хамтдаа”. Нөгөө талаас хамтдаа хүчтэй байж болно. Харин хүчтэй хамтдаа бол энд байгаа хүн бүр хүчтэй байж гэмээнэ хамтдаа явна гэсэн санааг илэрхийлж байгаа юм. Энэ ч үүднээс “Ард санхүүгийн нэгдэл”-д ажиллах гэж байгаа хүн илүү чадварлаг, өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой, ачаалал дааж чаддаг байвал амжилтад хүрнэ гэж боддог.

-Цар тахлын энэ онцгой үед хадгаламж, зээлийн хоршоо хэр дасан зохицож байгаа бол?

-Ковид-19 цар тахлын үед иргэдэд хүлээлт, айдас үүсгэсэн. Хадгаламжаа татах нэг хэсэг байхад илүү хуримтлуулж буй нь дийлэнхийг эзэлж байна. Ерөнхийдөө зээлийн эргэлт багасаж байна. Зээлээр худалдан авалт хийхээ азнах, хойшлуулах, хүлээлтийн байдал үүссэнтэй холбоотой болов уу. Тиймээс салбарын өсөлтийн хувь энэ жил арай бага гарч магадгүй. Манай ХЗХ-ны хувьд “Ард Апп”-аараа дамжуулан хадгаламждаа орлого нэмэх, зээлээ төлөх бүрэн боломжтой. Ингэснээр гишүүд маань заавал салбар дээр биеэр ирэлгүйгээр зарим төрлийн үйлчилгээг цахимаар авах боломж нь нээгдэж байгаа юм.

-“Ард Актив” ХЗХ-ын ойрын зорилт юу вэ?

-Хоршоогоо хариуцаж авахад буюу гурван жилийн өмнө 700 сая төгрөгийн нийт хөрөнгөтэй байсан бол өнөөдрийн байдлаар таван тэрбум төгрөгт хүрээд байна. Гурван жилийн дотор долоо дахин томруулж чадсан байна. Хоршооны гишүүд маань ч долоо дахин нэмэгдсэн гэж хэлж болно. Цаашид хоршоогоо мини-банкны хэмжээнд ажиллуулж, салбартаа анхдагч болгож, зөвхөн гишүүддээ санхүүгийн үйлчилгээг илүү түргэн шуурхай хүргэдэг компани болгохоор эрмэлзэж байна. 10-20 тэрбум төгрөгийн активтай болчихвол үйлчлүүлэгчийн тоо, тэдний авах санхүүгийн үйлчилгээний цар хүрээ ч сайжирна.

Одоогоор манай хоршооны хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 16.4 хувьтай байна. Салбарын хэмжээнд энэ үзүүлэлт 19.2 хувьтай байна. Бусад хоршоодын хувьд өндөр хүү амлаж байгаа учраас зээлийн бүтээгдэхүүний хүү өндөр тогтдог. Жишээ нь, өнгөрсөн жилийн байдлаар хадгаламж, зээлийн хоршооны зээлийн сарын дундаж хүү 3.4%, жилийн 42% байна. Манай хоршооны хувьд жилийн 18 – 30 хувийн хүүтэй зээл олгож байна. Эх үүсвэрийн зардлаа аль болох багасгаж зээл авч буй иргэдийн хүүгийн дарамтыг бага байлгах боломжийг эрэлхийлж ажилласны хүчинд жилийн 21 хувийн жигнэсэн дундаж хүүтэй зээл олгож байна. Бага хүүтэй зээл олгох нь хоршооны орлого буурах хэдий ч чанартай зээлийн багц бүрдүүлэх боломж бий болдог. 2020 оны эхний хагас жилийн байдлаар манай хадгаламж, зээлийн хоршооны зээлийн багцын 98 хувь нь хэвийн зээл байгаа нь хүүгээ бууруулж ажилласны үр дүн юм.

-Ирэх жилүүдийн төлөвлөгөөндөө цар тахлын үр дагаврыг тооцсон уу?

-Манайх эхний хагас жилийн байдлаар буюу Ковид-19 цар тахал дэгдсэнээс хойш 21 хувийн өсөлт үзүүллээ. Цар тахалтай байсан ч хоршооны хувьд үйл ажиллагаагаа томруулах боломж байгаа гэдэг нь харагдаж байна. Сүүлийн гурван жилд хоршоо маань жилийн 90 хувийн өсөлт үзүүлсэн. Тиймээс цаашид өсөх боломжтой гэж харж байгаа. Хувь хүмүүс хэрэгцээгүй худалдан авалтаас татгалзаж, илүү хуримтлал бий болгоход анхаарах нь зүйтэй гэж зөвлөмөөр байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.